Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: COVID-19-ийн халдвар ОРОН НУТАГТ

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 5 сарын 6
iKon.MN

Монгол Улсад коронавирусийн дотоодын халдвар 2020 оны арваннэгдүгээр сард батлагдсан. Харин Улаанбаатар хотод тогтоосон хоёр дахь удаагийн хатуу хөл хориог хоёрдугаар сарын 23-нд бууруулж, гуравдугаар сарын 1-нээс нийслэлээс гарах хөдөлгөөнийг нээснээр орон нутагт цар тахал дэгдсэн юм.

Орон нутагт халдвар хэрхэн тархсаныг инфографикаар үзүүлэв.

Коронавирусийн халдвар орон нутагт буурахгүй, тархалт эрчимтэй хэвээр байна. Өнгөрсөн 24 цагт орон нутагт 104 тохиолдол батлагдсанаас хамгийн өндөр буюу 34 нь Говь-Алтайд бүртгэгдсэн байна.

Ингэснээр Говь-Алтай аймагт дөрөвдүгээр сарын 25-нд халдвар бүртгэгдсэнээс хойш нийт 150 хүн коронавирусээр өвчлөөд байна. Үүнээс өмнө тус аймагт халдвар гараагүй ганц үлдсэн нутаг болоод байв. Харамсалтай нь Улаанбаатар хотод өвчтөн хүргэж өгөөд буцсан эмч болон түүний гэр бүлийнхнээс КОВИД-ийн халдвар илэрснээр ийнхүү аймгууд бүхэлдээ цар тахлын дэгдэлтэд өртөөд байна.

Завхан аймагт мөн халдварын дэгдэлт өндөр байна. Тус аймагт өнгөрсөн хоногт 32 тохиолдол шинээр батлагдав. Завхан аймагт гуравдугаар сарын 3-нд халдвар гарснаас хойш нийт 376 хүн коронавирусээр өвчилжээ.

Харин Баян-Өлгий аймагт шинээр халдвар гараагүй ес хоноод байна. Тус аймагт анх дөрөвдүгээр сарын 6-нд халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн бол өнөөдрийн байдлаар нийт зургаан хүн өвчилжээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 аймагт халдвар бүртгэгдсэн ч Өмнөговь аймгийг ЭМЯ албан ёсоор бүртгээгүй байна.

Өмнөговь аймгийн тухайд хоёр тохиолдол батлагдсаныг Улаанбаатар хотод авчирсан. Хамгийн сүүлд Гашуунсухайт боомтод ажиллаж байсан жолоочоос халдвар илэрсэн тул боомтын үйл ажиллагааг зогсоосон талаар эх сурвалж мэдээлсэн

Инфографик. Аймаг бүрийн газрын зураг дээр дарж, халдвар бүртгэгдсэн өдрүүдийг харах боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.

Орон нутагт вакцинжуулалтыг идэвхжүүлээд байгаа. Өнөөдрийн байдлаар орон нутгийн 100 мянган иргэн вакцины хоёр тунгаа хийлгэж, бүрэн хамрагдсан мэдээлэл байна. Харин вакцинд хамруулах шаардлагатай хүний тоо 1.1 сая бөгөөд тавдугаар сарын 22-н гэхэд эдгээр хүнийг эхний тунд бүрэн хамруулна гэж тооцож байгаагаа УОК мэдээлсэн.

Коронавирусийн халдварын нөхцөл байдал (Улсын хэмжээнд 2021.05.06)

 

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 42,464 болоод байна. Үүнээс 29,000 нь дөрөвдүгээр сарын хатуу хөл хорио тогтоосноос хойш батлагджээ. 

Цат тахал дэгдсэнээс хойш халдварын улмаас эмчлүүлж байсан 153 хүн нас барснаас 142 хүн коронавирусийн өвчний улмаас эндсэн харамсалтай мэдээ байна. Тэдгээр иргэний 141 нь дөрөвдүгээр сарын 1-нээс хойш нас баржээ.

График. Нас баралт