Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Серби улс вакцин тариулсан иргэдээ $30-аар шагнана

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Тавдугаар сарыг дуусахаас өмнө амжиж коронавирусийн эсрэг вакцин тариулсан иргэн бүрт $30-ын шагнал өгөх болсноо Серби улсын ерөнхийлөгч өчигдөр зарлажээ.

Үүнийг дархлаажуулалтын хөтөлбөрөө мөнгөн шагналтай болгосон дэлхийд анхны тохиолдол гэж зарим хүн үзэж байна.

Балканы хойгийн Серби улс өрнөдийн компаниудаас гадна Орос, Хятадаас вакцин худалдаж авах гэрээг эрт байгуулсны үр дүнд хангалттай нөөцтэй болсон юм. Хөрш улсуудынх нь иргэд хүртэл Сербид очиж вакцин тариулдаг болоод байгаа.

Харин долоон сая хүн амтай тус улсын 1.3 сая иргэн хамрагдсаны дараа дархлаажуулалтын явц удааширсан байна. Тиймээс эрх баригчид уг үйл явцыг хурдасгах арга зам хайж эхэлжээ.

“Тавдугаар сарын 31-ний дотор вакцин тариулсан хүн бүр 3,000 динар ($30) авах болно” гэж Сербийн ерөнхийлөгч Александр Вучич өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ. Ингэж урамшуулсны үр дүнд сарын сүүлээр вакцинжуулалтад хамрагдсан хүний тоо 3 саяд хүрэх тооцоо гаргасан байна.

Үүнээс гадна албадлагын чанартай нэг арга хэрэглэх болсноо мөн танилцуулжээ. Тухайлбал вакцинжуулалтад хамрагдаагүй төрийн албан хаагчид коронавирусийн халдвар авбал эмчлүүлэх хугацаанд нь цалинтай чөлөө олгохгүй байхаар болсон байна.

“Хэн нэгэн коронавирусийн эсрэг вакцин тариулсныхаа төлөө мөнгө авдаг тухай өмнө нь би огт сонсоогүй. Тэгэхээр бид зөвхөн Европт төдийгүй дэлхийд анх удаа ийм арга хэрэглэж байх магадлалтай” гэж Сербийн халдварт өвчин судлалын мэргэжилтэн Зоран Радованович ярьжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Гэхдээ энэ арга ядуу амьдралтай хүмүүст үр дүнтэй байж болох ч зарим хүмүүсийг үргээх магадлалтай. Засгийн газар ямар нэг сэжигтэй зүйл хийж байгаа учраас л мөнгө төлж байна гэж зарим хүмүүс хардаж болзошгүй” гэсэн байна.

 

Эх сурвалж: AFP