Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хайртай хүмүүсээ халуун дотноор тэвэрье, үнсье, хөтөлье

ikon.mn
2021 оны 5 сарын 5
iKon.MN
 

Бразилийн Сао Пауло хот дахь “Viva Bem” асрах газрын сувилагч 85 настай эмээг “тэврэлтийн хөшиг” ашиглан тэвэрч буй гэрэл зургаар Мадс Ниссэн энэ жил Дэлхийн шилдэг гэрэл зургийн эзнээр шалгарсан мэдээ саяхан цацагдав. Халдварт өвчин хөл хорионы өмнө бол хүн ёсны байдаг л нэг үйлдлийг хийж, нэгнээ тэврэхдээ тэд ямар их хүсэл тэмүүлэл, хайр дүүрэн сэтгэл гаргаж байгаа нь зургаас илт. Гялгар торны шар эмжээр 85 настай эмээг яг л сахиусан тэнгэр шиг харагдуулна. Тэврэх гэдэг тэнгэрийн, биднээс холын хол, ховрын юм, гайхалтай ид шид мэт болтол бид холдсныг энэ зураг бас сануулах юм.

Хамгийн сүүлд та хэзээ халдварт өвчний тухай бодохгүйгээр хайртай хүнээ үнссэн бэ? Халуун тэврэлтийг хэнд өгч, халуун гараас хэзээ атгав? Хөл хорьж, нэгнээсээ хол байх шаардлага тулсан хүнд үед хамгийн эгэл, энгийн бүхнийг бид хамгийн ихээр хүсдэг юм байна. Тэврэхгүйгээр, үнсэхгүйгээр, хөтлөхгүйгээр хайртай гэдгээ хэлэх, илэрхийлэх хачин дутуу байдгийг ч бид мэдэрч байна. Хүн хоорондын харилцааг үггүйгээр бүрнээ илэрхийлдэг энэ мэт үйлдлүүд “ховор тансаглал” болчихсон нь хэцүү еэ.  

Тэврэлт бол “би чамд хайртай”, “би чамд санаа тавьж байна”, “чи миний хувьд эрхэм чухал” гэдгийг хамгийн тодоор илэрхийлдэг биеийн хэлэмж аж. “Бидэнд бүтэн өдрийг асуудалгүй туулж гарахад багадаа дөрвөн тэврэлт, аз жаргал эрч хүчтэй туулахад найм, хамгийн гайхалтай өдрийг бүтээхэд 12 тэврэлт хэрэгтэй” хэмээн “The Hug project”-ийг санаачлагч Кристина Маркантонио ярьжээ. Халуун дотноор тэврүүлсэн хүний зүрхний ажиллагаа сайжирч, айдсыг бага мэдэрч, стресс нь буурдаг тухай судалгаа ч бий.

Та, бас таны эргэн тойрны хэн нэгэн ийм нэгэн энгийн хэрнээ эрхэм чухал сэтгэл, дэмжлэгээр дутаж байгаа юм биш биз. Ковидтой хамт тархаж буй айдас, сэтгэл гутралын “вирус”-ыг тэвэрч, үнсэж, хөтөлж л бид давах нь. Бидний энгийн л нэг биеийн хэлэмж сэтгэл зүрхний “вакцин” болж чадахаар шүү дээ.

Эхэнд үзүүлсэн зургийг эргээд нэг сайн харахыг танаас хүсэж байна. Бие биеэ халамжлэн тэвэрч буй хоёр эмэгтэйн дундах гялгар хөшгийг хуу татаж төсөөлье. Тэднийг зааглаж буй “хориг” хэзээ бүрмөсөн үгүй болж, хүмүүс ямар ч айдас болгоомжлолгүйгээр биенээ тэвэрч, үнсэж, гараас нь хөтлөх бол оо? Хол биш, бас хэцүү биш ээ. Тэр хөшгийг одоогоор вакцин л татаж чадна. Вакцин бидний хөлийг тушсан хориог сэтэлж, холдож одсон хүн хоорондын зайг ойртуулж дөнгөнө. Хайртай дотнын хүмүүс, найз нөхдөөсөө холдох тусмаа гундаж буй бидний сэтгэлийг эмчилнэ.

Бид бүгд л клуб орж бүжиглэхийг, попкорны үнэр ханхалсан кинотеатрт найзуудтайгаа кино үзэхийг, хамтдаа сууж элдвийг ярилцан, хөдөө гадаа асуудалгүйгээр аялах тэр сайхан цагийг л хүлээж байна. Хамтдаа байх хэн нэгэн, дотно хүмүүс, халуун тэврэлт, дотно үнсэлтгүйгээр энэ бүх мөрөөдөл харин дутуу. Хайрлахын төлөө, халамжлуулахын төлөө, тэврэх, үнсэх, хөтлөхийн төлөө яг одоо явж вакцинаа хийлгээрэй гэж хүсэж байна. Сайхан цагийг бид өөрсдөө л бүтээнэ шүү дээ. 

 

Ч.Анир