2021/08/03
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.08₮
B30
УЛААНБААТАР
17°
|
13°
B30
УЛААНБААТАР
20°
|
10°
B30
УЛААНБААТАР
25°
|
10°
13:00
S40
16°
14:00
S40
16°
15:00
S40
15°
16:00
S40
15°
17:00
S40
14°
18:00
S40
14°
19:00
S40
14°
20:00
S40
13°
21:00
S26
13°
22:00
S26
13°
23:00
S40
12°
00:00
S40
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цар тахлын дараах Их сэргэлтэд Засгийн газруудыг уриалж байна

Р.Оюунцэцэг, IKON.MN
2021 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Шинэ коронавирусийн цар тахлын үүсгэсэн хямралын нөлөөгөөр эрүүл мэнд, санхүүгийн байдлаас эхлээд боловсролын салбар хүртэлх олон тогтолцооны үл нийцэл, дутагдал, зөрчилдөөн урьд өмнө байгаагүйгээр ил болж байна. 

Цар тахалтай чадах чинээгээрээ тэмцэж буй Монгол Улсад л гэхэд бусад орны адил боловсролын салбар хамгийн хүчтэй өртөж, цахим болон теле хичээлээр хоёр жил дамнан сургалт авч байгаа хүүхдүүдийн хоцрогдлыг нөхөхийн тулд гурван жил зарцуулах хэмжээд очсоныг салбарын яам нь хүлээн зөвшөөрсөн. 

Эрүүл мэндийн салбар туйлдаж, тэсрэхэд бэлэн байна. Коронавирусийн халдвараас бусад эмчилгээ үйлчилгээ үндсэндээ ард орхигдож, эмч, эмнэлгийн ажилтнууд орон нутгаас хүртэл дайчлагдаж ирж, энэ өвчнийг давахын төлөө өдөр шөнөгүй зүтгэж байна. Коронавирусийн “ач”-аар манай улс уушги орлуулах аппараттай болсноор жишээ татахад хамгийн чухал салбараа ямар нөхцөл байдалд орхигдуулж ирсэн нь ил болсныг харж болно. 

Эдийн засгийн байдал ч сайнгүй байна. Монгол Улсын төсвийн алдагдал 2021 оны эхний гурван сарын байдлаар 96.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээв. Төсвийн орлогын 20%-аа бүрдүүлдэг нүүрсээ машинаар зөөдөг манай улсад жолоочоос халдвар илрэхэд л экспорт зогсож байна. 

График 1. Монгол Улсын төсөв, 2021 оны эхний улирлын байдлаар (Эх сурвалж: УИХ)

Энэ бүхний цаана ажилгүйдэл нэмэгдэж байгаа нь цар тахлын дараа эдийн засагт хамгийн том дарамт болох үзүүлэлт. Хэдийгээр ҮСХ-ны мэдээллээр ажилгүйдлийн түвшин 2020 онд 4.3 хувь болж буурсан боловч ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 94.4 тэрбум төгрөг болж өмнөх оноос 2 дахин өссөн нь үүнийг илтгэнэ. 

Нэгэнт бий болсон ажилгүйдлийг ирээдүйд бий болгох өртөг өндөр байдаг. Нэг ажлын байр бий болгох зардал өнөөдөр нэг ажлын байрыг хамгаалж авч үлдэх зардлаас 5 ДАХИН ИХ байна гэсэн судалгааг эдийн засагч Б.Дөлгөөн хэлж байсан удаатай. Тийм ч учраас улс бүр ажлын байраа хадгалж үлдэхийн төлөө бүх бодлогоо чиглүүлж байв. Харин манай улс жилийн дараа буюу одоо л 10 их наяд төгрөгийн хөтөлбөртөө энэ чиглэлийг тусгасан гэж болно.

Дэлхийн улс орнуудад ч цар тахалтай холбоотой хямрал нүүрэлж, энэ мэт орон бүрийн асуудал ил болж буй. Тухайлбал, АНУ-д гуравдугаар сарын дунд үеэс хойш дөрвөн ажилчин тутмын нэг нь ажилгүйдэлд өртөж, долоо хоног тутмын үзүүлэлтээр түүхэн дээд хэмжээнээс хамаагүй давжээ. Тиймээс энэ бүхнийг нэгэн зэрэг зохицуулахын тулд талууд хамтран ажиллах шаардлагатай хэмээн үзсэн Дэлхийн эдийн засгийн форум The Great Reset санаачилгыг эхлүүлж байгаагаа зарлажээ. 

Цар тахлын дараах энэ цаг үеийг бүхнийг эхнээс нь дахин тохируулж, сэргээн босгох таатай мөч хэмээн үзсэн их гүрнүүдийн удирдагчид уг санаачилгаараа дамжуулан дэлхийн харилцааны ирээдүйн төлөв байдал, үндэсний эдийн засгийн чиг хандлага, нийгэмд тэргүүлэх чиглэл, бизнесийн загварын мөн чанар, менежментийг тодорхойлдог бүх хүмүүст мэдээлэл өгөхөд туслах ойлголтыг дэлхий нийтэд санал болгож байгаа ажээ.  

Хэрэв богино хугацаанд хамтарч ажиллаж чадвал энэ хямралаас гарч, илүү сайн нөхцөл байдал руу шилжиж чадна хэмээн үзэж байна. 

Дэлхийн эдийн засаг COVID-19 цар тахлын нөлөөгөөр огцом унаж, 1930-аад оноос хойших хамгийн хүнд хямралтай нүүр тулж магадгүй ч уг санаачилгыг хамтран хэрэгжүүлснээр боломжийг наашлуулна хэмээн тооцоолжээ. Үүний тулд дэлхий нийт боловсрол, нийгмийн гэрээ, хөдөлмөрийн нөхцөл гээд нийгэм, эдийн засгийн бүх талыг шинэчлэн сайжруулахын төлөө хамтарч, шуурхай ажиллах ёстой. АНУ, БНХАУ тэргүүтэй бүх улс орон үүнд оролцож, газрын тос, байгалийн хийгээс авхуулаад техник технологи хүртэл бүхий л салбарыг өөрчлөх ёстой гэжээ.

“Тэгш бус байдал нэмэгдэж байгаа гэх мэт нийгмийн өвчнөөс үүдэлтэй бухимдал газар авч, хямралын үеэр АНУ-ын тэрбумтнуудын нийт хөрөнгө улам бүр нэмэгдсээр байна. Хаяггүй тодорхой бус үлдсэн эдгээр хямралууд нь COVID-19-ийн хамтаар гүнзгийрч, дэлхийг улам бүр тогтворгүй, тэгш бус, эмзэг болгох эрсдэлтэй. Шат дараалан авч буй арга хэмжээ, түр зуурын аргацаасан хувилбарууд нь урьдчилан сэргийлэхэд хангалтгүй юм. Бид эдийн засаг, нийгмийн тогтолцооныхоо цоо шинэ суурийг тавих ёстой боллоо” хэмээн Дэлхийн эдийн засгийн форум тодотгожээ. 

Их шинэчлэлт хөтөлбөр нь дараах гурван үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй байх тухай ДЭЗФ дурдсан байна. 

  • Зах зээлийг илүү сайн үр дүнд хүргэхийн тулд Засгийн газрууд уялдаа холбоогоо сайжруулж (жишээлбэл, татвар, зохицуулалт, төсвийн бодлогын хүрээнд), худалдааны зохицуулалтыг дахин хийх, "оролцогч талуудын эдийн засаг"-ийн бий болгох нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэжээ. Татварын суурь хэмжээ буурч, улсын өр ихсэж байгаа энэ үед Засгийн газрууд ийм арга хэмжээ авах хүчтэй хөшүүрэгтэй болсон. Түүгээр ч зогсохгүй улс орнуудын Засгийн газрууд илүү тэгш үр дүнд хүргэх урт хугацааны шинэчлэлийг хэрэгжүүлэх ёстой. Үүнд улс орноос хамааран ашигт малтмалын татварын өөрчлөх, хатуу түлшний татаасыг болиулах, оюуны өмч, худалдаа, өрсөлдөөнийг зохицуулах шинэ дүрмүүдийг батлах зэрэг боломжтой гэж үзжээ.
  • Хөрөнгө оруулалт нь тэгш эрх, тогтвортой байдал зэрэг хамтын зорилгуудыг урагшлуулах баталгаа байна гэдгийг тодотгожээ. Олон орны Засгийн газрын хэрэгжүүлж буй томоохон багц арга хэмжээнүүд ахиц дэвшил гаргах боломжтойг илэрхийлж буй. Европын комисс нэг удаа 750 тэрбум евро(826 тэрбум доллар)-ийн дахин сэргээх сангийн төлөвлөгөөгөө танилцуулсан. АНУ, Хятад, Япон улсуудад эдийн засгийг эрчимжүүлэх томоохон төлөвлөгөө бий. Эдгээр сан, мөн хувийн хэвшлийн байгууллагууд, тэтгэврийн сангуудын хөрөнгө оруулалтыг хуучин тогтолцооны ан цавыг нөхөхөд ашиглахаас илүүтэй удаан хугацаанд, илүү уян хатан, тэгш, тогтвортой байдлыг бий болгоход ашиглах хэрэгтэй гэжээ. Тухайлбал, хотын ногоон байгууламжийг дэд бүтцийг бий болгож, аж үйлдвэрүүдэд байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) үйл ажиллагаагаа сайжруулах хөшүүрэг болно гэсэн үг.
  • Гурав дахь бөгөөд эцсийн тэргүүлэх чиглэл бол Аж үйлдвэрийн IV хувьсгалыг олон нийтийн сайн сайхныг дэмжихэд, ялангуяа эрүүл мэнд, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ашиглах явдал юм. COVID-19 хямралын үеэр компаниуд, их дээд сургуулиуд болон бусад хүмүүс хүчээ нэгтгэн оношилгоо, эмчилгээ, боломжит вакцин боловсруулах, туршилтын төв байгуулах, халдварыг тандах механизмыг бий болгох зэрэгт маш их хүч хаясан. Үүнтэй ижил хүчин чармайлт салбар бүрд гаргавал ямар боломж бий болгохыг тооцож үзэх хэрэгтэй.

COVID-19 хямрал дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүсийн амьдралын бүхий л үйл явцад нөлөөлж байна. Гэхдээ нөгөө талаар энэ хямралыг эрүүл, илүү тэгш, илүү цэцэглэн хөгжсөн ирээдүйг бий болгох боломж болгон ашиглахыг ДЭЗФ тодотгожээ.

Энэхүү санаачилгаас манай Засгийн газар аль алийг нь тусгаж авах шаардлагатайг дээрх агуулга харуулж байна.

Монгол Улсын хувьд өнөөдөр цар тахал гарснаас хойших оргил үедээ тулж ирээд буй. Дөрөв дэх удаа тогтоосон хатуу хөл хорио 28 хоног үргэлжлээд шувтрах гэж байгаа ч өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 1,000-д эргэлдсээр. 

График 2. ДНБ-ий өсөлт ба таамаг (Эх сурвалж: АХБ)

Монгол Улсын эдийн засаг 2020 оны 5.3%-ийн огцом агшилтаас сэргэж, 2021 онд 4.8%-аар, дотоод эрэлт, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн зээл өсөж, сэргэлт эдийн засгийн салбаруудыг бүрэн хамарснаар 2022 онд 5.7%-аар өснө гэсэн таамгийг Азийн хөгжлийн банк дэвшүүлээд буй. Бодит байдал дээр 30,000 аж ахуйн нэгж дампуурлын ирмэгт тулсныг МҮХАҮТ судалгаагаараа танилцуулаад буй. Цар тахал цаашид хэрхэн өрнөх нь тодорхой бус. 

Ямар ч байсан вакцинжуулалт, Хятадын эдийн засгийн огцом тэлэлтийг дагасан эрэлт, түүхий эдийн үнийн өсөлт л Монгол Улсад итгэл найдвар төрүүлж байна.

x