Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Вакцины гэрчилгээнд гадаад паспорт болон PCR-ийн мэдээллийг нэмж, иргэдийг гадаадад зорчуулах яриа хэлэлцээ хийж байна"

Х.Алтанзагас, iKon.mn
2021 оны 5 сарын 4
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг улсын хил нээх, вакцины гэрчилгээ олгох эсэх асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Зөвхөн Монгол Улс хилээ нээх биш гадаад улстай харилцан хилээ нээх учиртай

Тэрбээр "Хил нээх асуудал нь зөвхөн Монгол Улс хилээ нээх биш гадаад улстай харилцан хилээ нээснээр цар тахлын өмнө иргэд чөлөөтэй гадаадад зорчиж байсан нөхцөлийг эргэн сэргээхтэй холбоотой юм.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 121 улс хилээ бүрэн болон хэсэгчлэн хаасан мэдээлэлтэй байна.

Хил хаах горимыг хэрэгжүүлэхдээ улс орнууд зөвхөн өөрийн улсын иргэд болон тухайн улсад байнга оршин суудаг иргэдийг хилээрээ нэвтрүүлж байгаа. Бусад иргэдэд богино хугацааны бүх төрлийн виз олгох арга хэмжээгээр дамжуулан хилээ бүрэн болон хэсэгчлэн хаах горимоо хэрэгжүүлж байна.

Манай улс гадаадын долоон улс руу шууд нислэг үйлддэг.

Өнөөдрийн байдлаар БНХАУ, БНСУ, Япон, Герман зэрэг Европын холбооны орнууд, виз олголтыг түр зогсоосон болон байнга оршин суудаггүй гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй горим мөрдөгдөж байна.

Цар тахлын эхэн үеэс манай улс хилээ шат дараатай хааж эхэлсэн. Энэ шийдвэртэй уялдуулан гадаадад байгаа Монгол Улсын ЭСЯ, Консулын газрууд 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс богино хугацааны бүх төрлийн виз олголтыг зогсоосон.

Харин монгол иргэд болон байнга оршин суудаг гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлж байгаа. 

Мөн богино хугацаагаар зайлшгүй ирэх шаардлагатай бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, гадаадын мэргэжилтэн иргэдийг тусгаарлагдах байрны нөхцөлийг хангасны үндсэн дээр цөөн тоогоор нэвтрүүлж байна.

Эдгээр иргэдэд тавигдах шаардлагын тухайд гадаад улсад вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоног болсон болон халдвар аваад эдгэрсэн бол тусгаарлагдахгүй.

  • Гадаад улсад вакцины хоёр дахь тунгаа хийлгээд 14 хоног болоогүй иргэд тусгаарлалтад орно.
  • Вакцин хийлгээгүй иргэдийг хилээр нэвтэрсэн даруйд долоо хоног тусгаарлана.

Монгол Улсад ирэх иргэдийг хилийн боомтоор нэвтрэхээс 72 цагийн өмнө PCR шинжилгээ өгч, сөрөг гарсан байх бичгийг шаарддаг.

Вакцин хийлгэсэн иргэдийг олон улсад хэрхэн зорчуулах вэ, гэрчилгээ олгох уу, аль нэг төрлийн вакцин хийлгэсэн бол тухайн улсад зорчиж болох уу

 

Монгол Улс хил нээх шийдвэртэй уялдуулаад олон улсын түвшинд коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн эсэх тухай гэрчилгээг гаргаж, санаачилж, бусад улс орнуудыг хүлээн зөвшөөрөх талаар уриалж байгаа.

Өнөөдрийн байдлаар олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн вакцин хийлгэсэн гэрчилгээ гэх баримт бичиг байхгүй. Улс орнууд зөвхөн дотооддоо вакцин хийлгэсэн гэрчилгээг гаргаад бусад улс оронтой харилцан хүлээн зөвшөөрч, мэдээллээ солилцсоноор тухайн гэрчилгээг хүчин төгөлдөр гэж үзэх юм. Энэ тухай яриа хэлэлцээ улс орнуудад хийгдэж байгаа.

Манай улсын хувьд коронавирусийн эсрэг вакцины хоёр тун хийлгэсэн иргэн E-Mongolia платформаар дамжуулаад гэрчилгээгээ авах боломжтой.

Холбогдох албаныхан E-Mongolia платформд суурилаад вакцинд хамрагдсан иргэдэд олгож буй гэрчилгээнд гадаад паспорт, PCR шинжилгээ хийсэн тухай мэдээллийг англи, монгол хэлээр нэмэхээр болсон. Өөрөөр хэлбэл, E-Mongolia-д гадаад паспортын дугаар, PCR шинжилгээ хийлгэсэн мэдээлэл вакцины хоёр тунгаа хийлгээд авч буй гэрчилгээн дээр нэмэгдэж байна.

Цаашдаа НҮБ-ын албан ёсны зургаан хэлээр гаргах хөгжүүлэлтийг хийх шийдэл бэлэн болсон.

Ингэснээр Монгол Улсад коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн нотломж болон PCR шинжилгээ хийлгэсэн албан ёсны нэгдсэн мэдээлэл бүхий гэрчилгээ гаргаж, гадаад улстай яриа хэлэлцээ хийгээд, зөвшөөрсөн тохиолдолд манай улсын иргэд тухайн улсад чөлөөтэй зорчих нөхцөлийг үе шаттай сэргээх боломж нээгдэж байгаа юм.

Тавдугаар сарын 10-наас хилээ үе шаттай нээж, тогтмол нислэгүүдийг нэмэгдүүлэх, гадаад улстай энэ гэрчилгээг харилцан зөвшөөрсөн тохиолдолд иргэд гадаадад зорчих боломжийг нээж өгөх асуудлууд ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар шийдэгдэнэ" гэлээ.