Монголын туялзуур сэлэмний холбооны ээлжит IV цахим чуулган энэ сарын эхний өдөр хуралдаж, “Премиум” группийн ТУЗ-ын дарга Адилбишийн Ганхуяг шинэ Ерөнхийлөгчөөр сонгогджээ.
Монголын туялзуур сэлэмний холбооны Ерөнхийлөгч А.Ганхуяг нь нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдож, цаашид туялзуур сэлэмний спортыг улсдаа эрчимтэй хөгжүүлэх, улмаар олон улс, тив дэлхийн наадамд өрсөлдөх тамирчдыг бэлтгэх, туялзуур сэлэмний спортыг сурталчлах үйлсэд хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлжээ.
Мөн тус хурлын үеэр 2021-2025 оны хооронд холбоог удирдах удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон бөгөөд З.Номундарь, А.Ганболд, С.Бат-Ерөөлт, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Н.Гантулга нар сонгогдсон байна. Түүнчлэн таван клубийн 80 төлөөлөгчид мандат олгосон бөгөөд МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, шефийн харилцаатай Японы Аомори мужийн Имабэцү хотын төлөөлөгч К.Ёшихико нар чуулганд баяр хүргэж үг хэлжээ.
Япон улсын Аомори мужийн Имабэцү хот нь сүүлийн таван жилийн хугацаанд Холбооны үйл ажиллагааг дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч спорт, соёл, боловсролын олон төслийг хамтран хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаа аж. Энэхүү хоёр талын хамтын ажиллагааны үр дүнд спортын мастер Б.Амарзаяа нь Узбекистаны Ташкент хотноо зохиогдсон “Токио-2020” олимпын эрхийн тэмцээнээс анхны медалийг хүртээд буй.
Эх сурвалж: Монголын Үндэсний олимпын хороо