Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Yahoo анхны үнээсээ бараг хоёр дахин бага үнээр дахин зарагдлаа

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Интернэтийн эриний эхэн үед хүмүүсийн өргөн хэрэглэдэг байсан Yahoo, AOL үйлчилгээнүүдийг АНУ-ын харилцаа холбооны Verizon компани зарахаар болжээ.

Хуучны онлайн үйлчилгээнүүдийг Америкийн нэгэн хувийн хөрөнгө оруулалтын сан хамтад нь $5 тэрбумаар авахаар болсон байна.

Verizon компани 2017 онд Yahoo-г, 2015 онд AOL-ийг нийт $9 тэрбумаар худалдан авч байсан юм. Өнгөрсөн хугацаанд эдгээр үйлчилгээнүүдийг сэргээх оролдлого нь амжилтгүй болсноос ийнхүү алдагдалтай үнээр зарж байна.

Yahoo, AOL үйлчилгээнүүдийг Apollo Global Management сан худалдаж авсан ба Verizon 10 хувийг эзэмшиж үлдэхээр тохиролцжээ.

Хоёр брэнд 2000-аад оны эхэн үе хүртэл зах зээлд хүчтэй байсан ч сүүлд Google, Facebook зэрэг шинэ бизнесүүд гарч ирснээр шахагдаж эхэлсэн юм.

Гэхдээ Yahoo-гийн Хятадын Алибаба, Японы Yahoo Japan дахь эзэмшлүүд үнэ цэнэтэй хөрөнгө хэвээр байгаа. Өнгөрсөн хугацаанд Verizon эдгээр эзэмшлүүдийг худалдаж авах гэсэн ч чадаагүй юм.

Хэдийгээр оргил үеийнх шигээ биш ч гэсэн Yahoo нь өнөөдөр дэлхийн томоохон мэдээний аггрегаторуудын нэг, хамгийн их хандалттай 11 дэхь вэбсайт, сүүлийн зургаан сарын хугацаанд 3.8 тэрбум хандалт бүртгэсэн зэрэг үзүүлэлттэй байгаа тул суурин дээр нь онлайн сурталчилгааны бизнесийг хөгжүүлэх боломжтой гэж шинэ худалдан авагчид нь үзэж байгаа ажээ.

 

Эх сурвалж: BBC