Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энхсайхан: Спутник V вакцины хоёрдугаар тун ирэх хугацаа хойшилж магадгүй

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЭМЯ

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд тус яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан оролцож мэдээлэл өглөө.

"Дэлхий дахинд вакцины хомсдолтой байгаа энэ үед аль боломжтой вакцинаа хийлгэхийг зөвлөж байна"

Тэрбээр "БНХАУ-ын Синофармын Verocell вакциныг хөхүүл хүүхэдтэй ээжүүдэд хийж болно гэж албан ёсны зааварт нь тусгасан гэдгийг хэлье.

Харин Спутник V вакцины тухайд хөхүүл ээж болон жирэмсэн эмэгтэйн талаар мэдээлэл байхгүй тул одоохондоо эсрэг заалттай байгаа.

Спутник V вакцины хувьд манай улсад маш цөөхөн буюу хэдхэн цагийн дотор хийж дуусахаар 20,000 тун ирж буй. Мөн хоёрдугаар тун ирэх хугацаа нь хойшилж ч магадгүй байна.

Үйлдвэрлэгчээс ирсэн зааварт тун хоорондын хугацааг 21-90 хоног хүртэл гэж заасан. Энэ нь заавал Спутник V вакцин хийлгэнэ гэж хүлээж байгаа иргэдийн хувьд хоёрдугаар тунгаа авч амжаагүй үедээ халдварт өртвөл хэр хүндрэх эрсдэл нь хүн бүрт харилцан адилгүй байна гэсэн үг.

Тиймээс вакцинд хамрагдахаасаа өмнө дархлаа тогтох хүртэл эрсдэлээ тооцож үзэх нь чухал хэмээн зөвлөж байна.

Бид ямар ч вакциныг сайн, муу гэж дугаарлах нь зохисгүй. Дэлхий дахинд вакцины хомсдолтой байгаа энэ үед аль боломжтой вакцин хийлгэхийг ДЭМБ-аас зөвлөж байгаа.

Мөн бид хэвийн амьдралдаа орохын тулд аль болох л бүгд вакцинд хамрагдах хэрэгтэй" гэдгийг онцлов.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1199221317191570