Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын шилдэг мэргэжилтэн “цөөн долоо хоногийн хөл хорио” тогтоохыг Энэтхэг улсад зөвлөжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын халдварт өвчин судлалын шилдэг мэргэжилтэнд тооцогддог доктор Энтони Фаучи өнгөрсөн Баасан гарагт Индиан Экспресс сайтад ярилцлага өгчээ.

Тэрбээр одоо Жо Байдены засаг захиргаанд анагаах ухааны ахлах зөвлөхөөр ажилладаг бөгөөд АНУ-ын долоон ерөнхийлөгчтэй ажиллаж байсан туршлагатай юм.

Энэтхэг улс цар тахлын хоёр дахь давалгаагаа зогсоохын тулд хатуу хөл хорионы дэглэмд шилжих шаардлагатайг Фаучи ярилцлагынхаа үеэр зөвлөжээ. Одоогоор ерөнхий сайд Нарендра Модигийн засгийн газар ийм алхам хийхээс зайлсхийж, зарим бүс нутгууд тус бүртээ арга хэмжээ авч байгаа.

“Миний бодлоор нэн тэргүүнд шаардлагатай зүйлс бол хүчилтөрөгчийн нөөц, эм, эмнэлгийн багаж төхөөрөмж, хамгаалалтын хувцас хэрэгсэл. Бас нэг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай алхам бол улс орон даяар хөл хорионы хатуу дэглэм тогтоох. Хөл хориог зургаан сарын хугацаатай тогтоох шаардлагагүй. Вирусийн тархалтын циклийг таслахын тулд цөөн долоо хоног хөл хорих хэрэгтэй” гэж тэр ярьсан байна.

Сүүлийн өдрүүдэд Энэтхэг улсад нэг өдрийн дотор 400,000 орчим халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа нь тус улсын хувьд төдийгүй дэлхийн цар тахлын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа юм.

Бямба гарагт Энэтхэг даяар 24 цагийн дотор 401,993 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн бол Ням гарагт бага зэрэг буурч, 392,488 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Нийтдээ тус улсад 19.6 сая орчим хүн коронавирусийн халдвар авснаас 216 мянга гаруй нь нас бараад байна.

 

Эх сурвалж: Indian Express