Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

МАН болон "Зөв ХҮН электорат"-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр тодорно

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-д суудалтай нам, эвслүүд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ тодруулах хугацаа өнөөдрөөр дуусгавар болно. 

Ардчилсан намаас тус бүрдээ хамгийн олон санал авсан нэр дэвшигчдээ тодруулсан. М.Тулгат даргатай АН-аас С.Эрдэнэ, О.Цогтгэрэл даргатайгаас нь Н.Алтанхуяг нар дэвшихээр болсныг тус тус мэдээлээд байна. 

Тэгвэл МАН болон "Зөв ХҮН электорат" эвслээс нэр дэвшигчид өнөөдөр тодорно. 

МАН-ын Удирдах зөвлөл 13:00 цагт эхэлж, үргэлжлүүлэн 15:00 цагаас Бага хурлаа хуралдуулахаар товложээ. МАН-ын тухайд намын дарга У.Хүрэлсүхээс гадна Г.Занданшатар, Д.Сарангэрэл, С.Батболд, Ч.Хүрэлбаатар нарын таван хүнээс хэнийг нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх талаарх санал асуулгыг орон нутаг дахь гишүүдийнхээ дунд явуулсан байна. Удирдах зөвлөлийн хурлаар уг санал асуулгын дүнг хэлэлцэх ч эцсийн дүндээ Бага хурал руу оруулах нэр нь тодорхой юм. Ийнхүү УЗ-өөс дэмжсэн хүний нэрийг Бага хурал руу оруулж санал хураалтаар батална. 

Харин "Зөв ХҮН электорат" эвслийн хувьд 18:00 цагаас хурлаа эхэлж, 20:00 цагийн орчимд нэр дэвшигчээ тодруулж, олон нийтэд мэдээлэхээр төлөвлөжээ.  

Тус намаас "Ерөнхийлөгчөө захиалъя" аяныг эхлүүлж, 17,861 иргэн 141 хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх санал өгсөн байна. Эдгээр 141 хүнээс эхний таван хүнд тус эвслийн төлөөлөл болж Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх хүсэлт тавьсан аж. Тодруулбал, эдийн засагч Д.Жаргалсайхан, нийтлэлч Баабар, "Датаком"-ын Д.Энхбат, Б.Болдсайхан эмч, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нарын таван хүнд "Зөв ХҮН электорат" эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьжээ. Эдгээр хүмүүс хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд өнөөдрийн хурлаар хэлэлцэн, эцсийн шийд гаргах юм байна. 

Харин одоогийн байдлаар тэдний хүсэлтэд Д.Жаргалсайхан татгалзсан хариу өгсөн байна. 

Иргэдийн санал болгосон 141 хүний эхний таван хүн Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээс татгалзсан тохиолдолд эвслийн зүгээс дараагийн таван хүнд хүсэлт тавих боломжтойг эх сурвалж хэлэв. Эхний таван хүний араас "Алтан Дорнод Монгол"-ын захирал Т.Ганболд, "Буян" компанийн захирал Б.Жаргалсайхан, хуульч С.Нарангэрэл, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарын хүмүүс хамгийн олон санал авсан байна.