Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Киргиз-Тажикийн хил дээр 40 гаруй хүн алагдсаны дараа талууд гал зогсоох тохиролцоонд хүрлээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Киргизстан, Тажикстан улсууд хоорондын хилээс цэргээ татаж, гал зогсоох тохиролцоонд хүрсэн байна.

“Хилийн бүс нутагт болсон эмгэнэлт явдал дахин хэзээ ч давтагдах ёсгүй” гэж Тажикстаны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Саймумин Ятиев хөрш Киргизстаны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Камчыбек Ташиевтэй уулзсаныхаа дараа мэдэгджээ.

Тэднийг хамтарсан мэдэгдэл хийхээс өмнө хоёр улсын ерөнхийлөгч нар утсаар ярьсан байна.

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров мөн хоёр улсын гадаад хэргийн сайд нартай утсаар ярихдаа зэвсэгт мөргөлдөөнөө зогсоохыг уриалжээ.

Дээрх хоёр улсад хоёуланд нь ОХУ-ын цэргийн баазууд байрладаг.

Дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хоёр улсын маргаантай хилийн зурвасын нэг хэсэг болох Баткенд талууд харилцан гал нээж эхэлсэн юм. 24 цаг буудалцсаны эцэст 29-ний өдөр гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч удалгүй дахин буудалцаж эхэлжээ.

Хил орчмын усны нөөц дээр Тажикстаны тал хяналтын камер байрлуулах гэснээс талуудын хооронд мөргөлдөөн эхэлсэн гэдэг.

Өнгөрсөн хугацаанд Киргизийн тал 34 иргэнээ алдаж, 163 хүн шархдсаныг мэдээлжээ. Амиа алдагсдын дотор хилийн ойролцоох тосгонд амьдардаг 2008 онд төрсөн охин байсныг мэдээлсэн байна.

Киргизийн тал хил орчмын тосгодоос 20,000 орчим иргэнээ нүүлгэн шилжүүлжээ.

Харин Тажикстаны тал хохирлынхоо талаар тодорхой мэдээлэл өгөхгүй байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тус улсын 15 иргэн энэ удаагийн мөргөлдөөний үеэр алагдсаны долоо нь цэргийн алба хаагч байсан гэнэ.

Киргизстаны ерөнхийлөгч Садыр Жапаров өчигдөр орон даяар хоёр өдрийн гашуудал зарлах зарлигт гарын үсэг зурсан байна. Бүх байгууллагууд төрийн далбаагаа бөхийлгөж, телевиз радиогийн сувгууд зугаа цэнгээний хөтөлбөрүүдээ зогсоохоор болжээ.

Тажикстаны исламын сүм хийдүүдэд энх тайван, амар амгаланг хүссэн мөргөлийн дуу сонсогдож байгааг гэрчүүд мэдээлсэн байна.

Хоёр улсын хоорондын 970 км урт хилийн шугамын бараг тал нь Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байх үеэс нарийн тогтоогдоогүй үлдсэн нь сүүлийн 30 орчим жилийн турш маргаан зөрчлийн үндэс болсоор ирсэн юм.

 

Эх сурвалж: Associated Press