Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгт нэг өдрийн дотор шинээр халдвар авсан хүний тоо 400,000-ыг давлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Энэтхэг даяар илэрсэн коронавирусийн халдварын шинэ тохиолдол анх удаа 400,000-ын босгыг давжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад халдварын 401,993 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Үүнээс өмнөх 10 өдөр дараалан 300,000-аас дээш тооны тохиолдол бүртгэгдэж байв.

Бямба гарагт нийт 3,523 хүн Covid-19 өвчний хүндрэлээр нас барснаар нийт эндэгдлийн тоо нь 211,853 хүрсэн байна.

Сүүлийн өдрүүдэд Энэтхэг улсын хэмжээнд вакцины нөөц дууссанаас олон бүс нутагт дархлаажуулалтын хөтөлбөр нь саатжээ. Дотоодод үйлдвэрлэж буй вакцины нийлүүлэлт хангалтгүй байгаа тул гадаадаас вакцин нэмж авах ажлыг эрчимжүүлсэн байна.

Энэтхэгийн гадаад хэргийн яамнаас өчигдөр мэдээлснээр тус улс Оросын Спутник V вакцины 150,000 тунг хүлээж авсан бөгөөд цаашдаа нэмж хэдэн сая тун вакцин ирэх гэнэ.

Нийслэл шинэ Дели хотын Батра эмнэлэгт өчигдөр хүчилтөрөгчийн нөөц дууссанаас найман хүн нас барсны нэг нь тус эмнэлгийн эмч байжээ.

“Дели хотод 976 тонн хүчилтөрөгч шаардлагатай байна. Гэтэл өчигдөр ердөө 312 тонныг тараалаа. Ийм бага хүчилтөрөгчөөр Дели хот хэрхэн амьсгалах билээ?” гэж тус хотын захиргааны өндөр албан тушаалтан Кежривал твиттер хуудсандаа бичсэн байна.

Энэтхэг улсад коронавирусийн халдварын тохиолдол дөрөвдүгээр сарын эхнээс огцом нэмэгдсэн юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тус улсын эрдэмтэд маш аюултай вирусийн хувилбар бий болсныг бүр гуравдугаар сарын эхээр эрх баригчдад анхааруулж байжээ.

Гэвч ерөнхий сайд Нарендра Модигийн засгийн газар сонгуулийн үйл ажиллагаагаа саадгүй хэрэгжүүлэхийн тулд эрдэмтдийн анхааруулгын мөрөөр ямар нэг арга хэмжээ аваагүй хэмээн буруутгагдаж байна.

Өнөөдрийн байдлаар АНУ, Австрали, Их Британи, Герман, Итали, Сингапур, Канад, Шинэ Зеланд зэрэг улсууд Энэтхэгээс ирэх зорчигчдод агаарын хилээ хаагаад байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters