Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Видео клипийг нь түгээсэн Оросын улс төрч хорих ялаар шийтгүүлсэнд Рамштайн хамтлагийн гишүүн харамсал илэрхийлэв

Т.Давааням, ikon.mn
2021 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн тэргүүлдэг авлигатай тэмцэх сангийн Архангельск муж дахь салбарын захирал асан Андрей Боровиков дөрөвдүгээр сарын 29-ний өдөр шүүхээс 2.5 жилийн хорих ял сонссон юм.

Тэрбээр 2014 онд Германы алдарт Рамштайн хамтлагийн “Pussy” дууны видео клипийг Оросын ВКонтакте сошиал сүлжээнд нийтэлснийхээ төлөө ийм шийтгэл хүлээжээ.

Архангельск мужийн шүүх Боровиковыг садар самуун сурталчилсан хэрэгт буруутгасан байна.

Тухайн үед Боровиковын удирдаж байсан байгууллагын сайн дурын ажилтан асан зургаан сарын өмнө энэ тухай цагдаад мэдээлснээр олон жилийн өмнө нийтлэгдсэн видео клипний асуудал эрх баригчдын анхаарлыг татсан гэнэ.

Энэ үйл явдалтай холбогдуулан Рамштайн хамтлагийн гитарчин Рихард Круспе сошиал хуудсандаа мэдэгдэл гаргажээ.

“Боровиковыг уг үйлдлийнх нь төлөө шийтгэсэнд би маш их харамсаж байна. Ийм хүнд ял оноосон нь намайг гайхшрууллаа. Рамштайн бүх хүмүүст заяагдсан хүний суурь эрхийг үргэлж хамгаалсаар ирсэн юм” гэж тэр Инстаграм хуудсандаа бичсэн байна.

Энмести Интернэйшнл олон улсын байгууллагын мэдэгдэлд Боровиковыг “хөгжмийн таашаал сонирхлынхоо төлөө биш, цэвэр улс төрийн шалтгаанаар” шийтгүүлсэн гэж дүгнэжээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe