Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Төрийн захиргааны таван албан хаагч тутмын нэг нь бэлгийн дарамтад өртөхөд хаана, хэнд гомдол гаргахаа мэддэггүй

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 4 сарын 30
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Хүний эрхийн үндэсний комиссоос Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд хоёр жил тутам үнэлгээ гаргаж УИХ-д танилцуулан санал гаргах үүрэг хүлээдэг.

Энэ хүрээнд 2020 онд Төрийн захиргааны албан хаагчдын ажлын байрны бэлгийн дарамтын талаарх мэдлэг, хандлага, зан үйлийн төлөвийг судалсан "Төрийн захиргааны албан хаагчдын ажлын байрны бэлгийн дарамтын мэдлэг, хандлага, зан үйлийн төлөв байдлын судалгаа"-г өнөөдөр танилцууллаа.

Улсын хэмжээнд төрийн захиргааны 19,080 албан хаагч ажилладаг. Эдгээрээс түүвэрлэн 3,000 гаруй албан хаагчийг оролцуулан тус судалгааг хийж гүйцэтгэжээ.
 
Гэрэл зургийг MPA.mn

Судалгааны талаар Хүний эхийн үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжид “Судалгааны явцад  юуг  ажлын байрны дарамт гэж үздэг вэ гэдэгт ойлголт муутай байсан. Юуг ажлын байрны дарамт гэж үзэх вэ гэдэгт дараах асуултыг оролцуулан судалгаа авсан.

  • Бэлгийн дарамтын агуулгатай хошигнол, онигоо
  • Өмссөн хувцас, биеийн хэлбэр галбираар тодорхойлж ярих
  • Таагүй санагдах байдлаар удаан ширтэх
  • Хүсээгүй байхад болзоонд урих
  • Зураг, дүрс бичлэг, зурвас явуулах
  • Биед нь хүрч илэх
  • Бэлгийн харилцаанд орохыг шаардах, дарамтлах гэх мэт. 

Эдгээрээс бэлгийн дарамтын агуулгатай хошигнол, онигоо ярих нь ажлын дарамтад орохгүй гэж 50 гаруй хувь нь үзсэн. Харин биед нь таагүй байдлаар хүрэх, илэх, үнсэх, хүсээгүй байхад нь бэлгийн харилцаанд орохыг шаардах гэдэгтэй өндөр хувиар санал нийлсэн.

Судалгаанд оролцогчдын 26.9% нь ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн, 70% гаруй хувь нь хаашаа хандахаа мэдэхгүй байна гэж хариулсан. Өөрөөр хэлбэл, АББД-д өртөх гэж юу болохыг сайн мэдэхгүй, өртсөн ч хаашаа хэнд хандахаа мэдэх мэдлэг дутмаг байгаа хэрэг. Түүнчлэн боловсролын түвшин дээшлэх тусам ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байгаагаа мэддэг, АББД байх ёсгүй гэдэгтэй санал нийлж байсан нь анзаарагдсан” гэв.

Ажилтнуудын санал:

  • АББД-ын талаар ойлголт мэдлэг тааруу, сургалтад хамрагдаагүй ажилтнууд ажлаасаа халагдахаас айх, тэвчих, ая тал засах, бэлгийн дарамтыг тоглоом шоглоом болгох
  • Удирдлага болон дага нарын АББд-ын талаарх ойлголт сул
  • Удирдлагад таалагдаагүй ажилтныг гүжирдэх, өөрийн талын ажилтанд цалин урамшууллыг хангалттай өгөх
  • Ажлаар дарах, хов живд оруулах, заналхийлэх зэргээр илүү дарамт үүсгэх
  • Ажлын ачааллыг тэнцвэргүй хуваарилах гэх мэт асуудал байдаг хэмээжээ.

Судалгаанаас гарсан дүгнэлтийн тухайд: 

  • Төрийн захиргааны долоон албан хаагч тутмын нэг нь бэлгийн дарамтын үйлдлүүдийн талаар мэдлэг ойлголтгүй
  • Төрийн захиргааны зургаан албан хаагч тутмын нэг нь бэлгийн дарамтын асуудлыг зохицуулсан хууль тогтоомжийн талаар мэдээлэлгүй
  • Төрийн захиргааны таван албан хаагч тутмын нэг нь бэлгийн дарамтын тохиолдол гарах үед хаана, хэнд гомдол гаргахаа мэдэхгүй
  • Төрийн захиргааны дөрвөн албан хаагч тутмын нэг нь АББД-ын нэг болон түүнээс дээш төрлийн үйлдэлд өртдөг
  • АББД байгууллагын дотор илүү тохиолддог нь албан тушаал, эрх мэдлээр далайлган бэлгийн дарамт үйлддэг
  • 10 хүрэхгүй хувь нь /судалгаанд оролцогчдын/ АББД-тай холбоотой асуудлыг шийдүүлэхээр албан ёсны субьектэд гомдол гаргасан.
  • АББД-ын шалтгааны талаар зөв хандлага давамгайлж байгаа ч бэлгийн дарамтын шинжтэй үйлдлүүдийн хүлээн зөвшөөрсөн, эмэгтэй хүнийг буруутгасан хандлага давамгайлж буй дүр зураг байна
  • Төрийн захиргааны төв байгууллага, газар агентлагийн түвшинд АББД-тай тэмцэхэд чиглэсэн үйл ажиллагаа харьцангуй сул
  • Төрийн захиргааны байгууллагын орчинд АББД-тай тэмцэх, урьдчилан сэргийлэх таатай орчин бүрдээгүй гэдгийг судалгааны танилцуулгын төгсгөлд онцлов.

Холбогдох хууль тогтоомжийн тухайд: 

Зөрчлийн тухай хуулийн 6.26 дугаар зүйл. Бэлгийн дарамт учруулах 

  1. Бусдад ажил, албан тушаал, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны үр дагавар үүсгэж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх сэдлээ үг хэлээр, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
  2. Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамд ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг тусгах үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга

39.1.4. Албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгахыг хориглоно.