Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

2020 оны гуравдугаар сараас хөл хорио бүрэн дуусах хүртэл хугацаанд Зээлийн мэдээллийн санд орсон өөрчлөлтийг засаж өгөхийг Монголбанкнаас хүслээ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Монголбанк

КОВИД-19 цар тахлын улмаас сүүлийн нэг жил гаруйн хугацаанд ээлж дарааллан хатуу хөл хорио тогтоож байгаа нь зээл авч бизнес хийж байсан иргэдэд санхүүгийн ихээхэн дарамт болж буй талаар болон банкнаас гаргаж буй шийдвэр нь учир дутагдалтай байгааг Зээлдэгчдийн холбооноос өнөөдөр мэдэгдлээ. 

Хүнс, шатахуун, түлшнээс бусад салбарын худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоосноор иргэд орлогын эх үүсвэргүй болж, зээлээ төлөх боломжгүй болж буй юм. Хэдийгээр Засгийн газар, Монголбанкнаас үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлж, арилжааны банкуудад чиглэл өгч ажиллаж байгаа ч энэ нь төдийлөн үр дүнтэй байж чадахгүй байна хэмээн тэд үзэж буй юм.

Иймд "Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд хандан 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хөл хорио бүрэн зогсох хүртэл хугацаанд зээлийн мэдээллийн санд орсон өөрчлөлтүүдийг засаж, иргэдийн буруугүй үйлдлээс Зээлийн мэдээллийн санд зээлдэгчийн зэрэглэл буурсан байдлыг залруулж өгөх, шаардлагатай тохиолдолд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс шийдвэр гаргуулж өгнө үү хэмээн албан бичиг хүргүүлж байна" хэмээн Зээлдэгчдийн холбооны төлөөлөл хэллээ.

Түүнчлэн тэрбээр "Нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн захирамжаар миний эрхэлж байсан бизнес зогссон. Иймд 2020 оны гуравдугаар сард банкан дээрээ очиж, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт өгсөн. Ингэхэд зургаан сарын хугацаанд үндсэн төлөлтийг хойшлуулж, зээлийн хүүгээ төлөх сонголтгүй нөхцөлд орсон юм. 

Хүмүүсийн үйл ажиллагаа, орлогын эх үүсвэрийг Засгийн газраас зогсоосон байтал хүүг нь төлөөд яв гэж байгаа нь ойлгоход бэрх байсан ч зургаан сараар хойшлуулсан. Харин одоо тэрхүү хугацаа нь дууссан ч хатуу хөл хорио үргэлжилсээр байна.

Зээлээ дахин хойшлуулахаар банканд хандахад "Таны хүсэлтийг хүлээн авч, нэг удаад зээлийн гэрээнд өөрчлөл оруулсан. Дахин өөрчлөх боломжгүй" гэх хариу өгдөг. 

Одоогоор би зээлийн мэдээллийн санд хэвийн гэсэн ангиллаасаа буурч, ямар зэрэгт очсоноо ч мэдэхгүй байна. Миний бие сүүлийн 20 орчим жилийн хугацаанд зээлээ нэг ч өдөр хоцроолгүйгээр төлж явсан. Надтай адил олон хүн бий. Бид өөрсдийн буруугаас болоогүй ч ангилал буурч, жилийн гурван хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжгүй болсон" гэлээ.