2021/06/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.03₮
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
17:00
S40
11°
18:00
S40
11°
19:00
S40
11°
20:00
S40
10°
21:00
S40
22:00
S29
23:00
S29
00:00
S29
01:00
S29
02:00
S29
03:00
S29
04:00
S26

New Normal буюу Амьдралын Шинэ Хэв Маяг

ikon.mn
2021 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг

Бид хүссэн хүсээгүй, вакцин хийлгэсэн, хийлгээгүй, үр дүнтэй байсан, байгаагүй new normal буюу “шинэ хэвийн байдал”, шинэ хэв маягаар нөхцөл байдалд дасан зохицож, эвлэрч амьдрахаас өөр сонголтгүй болж байна. “Сохорсон биш завшив” гэх нь хаашаа юм. Гэхдээ ковидын “ачаар” бид гараа угааж, ариутгаж, олон нийтийн газраар явахаа багасгасны үр дүнд өмнө нь өргөн тархацтай байсан томуу, томуу төст өвчин гэх мэтээр өвчилсөн хүмүүсийн тоо эрс буурчээ. Энэ мэтчилэн, шинэ хэв маягтай дасан зохицохтой холбоотойгоор, Монголчуудын нас баралтын түгээмэл шалтгаан болдог хавдар, зүрх судасны өвчин, осол гэмтлээс сэргийлэх боломжтой болох ч юм билүү. Яагаад ингэж хэлж байна гэхээр, Монголчуудыг нас барахад хүргэдэг дээрх өвчин бараг бүгдээрээ амьдралын буруу хэв маяг, зохисгүй хооллолтоос үүдэлтэй.

Үхэхгүйн тулд амьдралын буруу хэв маягийг засах амархан гэж бараг бүх л хүн боддог. Бас ч үгүй итгэдэг.

Жишээ нь та тэгж бодож байсан л байгаа. Гэхдээ, нэг ч гэсэн, жижиг ч хамаагүй буруу хэв маягаа засч чадсан уу?

Харамсалтай нь Монгол хүн бие махбод нь ямар нэг дохио өгөх хүртэл бараг өөрчлөлт хийдэггүй. Гэтэл машинд нь жаахан дуу орох л юм бол засварын газар луу жолоогоо эргэлзээгүй мушгидаг нь олон.   

Монгол хүний “дуртай” үйлдлүүд

  • Өглөө эрт сэрдэггүй. Яагаад гэвэл эрт унтдаггүй.
  • Өглөө ихэвчлэн яарч байдаг учраас ажилдаа өлөн явах нь элбэг.
  • Тогтсон цагт хооллодоггүй. Удаан өлсөж байгаад хэт их иддэг.
  • Дасгал хөдөлгөөн хийдэггүй.
  • Орой өөх тостой, хэмжээ ихтэй хоол иддэг.
  • Ус уудаггүй.
  • Чихэрлэг ундаа, хүнсний хэрэглээ өндөр.
  • Гуриланд дуртай.

Шинэ хэв маягаар хэрхэн амьдрах вэ?

Ковид бидний амьдралын хэв маягийг чамгүй өөрчилж байна. Нэгд, гэртээ голдуу байж, гэрээсээ ажиллах болсноор гэрийн буюу харьцангуй эрүүл хооллох боломж бүрдэв. Гэхдээ мэдээж, гэрийн хоол нь өөрөө эрүүл байх хэрэгтэй. Хоёрт, гэртээ байгаа учраас идэвхтэй хөдөлгөөнтэй байх завгүй гэж шалтаглах эрхгүй боллоо. Фитнес клубууд хаалттай байгаа нь дасгал хөдөлгөөнийг хойш тавих бус харин ч гэрийн нөхцөлд хөдөлгөөнтэй байхыг таргалалт, илүүдэл жин, дархлаагаа хүчтэй байлгах гэсэн шалтгаанууд “шаардаж” байна. Гуравт, гэртээ байгаа учир цагаа төлөвлөж, эрт унтаж бас эрт босох боломжтой. Яг үнэндээ, хүсээд, хүчлэх юм бол дээр дурдсаныг хийх бүрэн боломжтой. 

Эрүүл мэндээ хамгаалах хамгийн сайн арга бол урьдчилан сэргийлэх юм. Урьдчилан сэргийлнэ гэдэг нь эрүүл хооллож, зөв амарч, идэвхтэй байхыг хэлнэ.

Идэх, амрах, хөдлөхтэй холбоотой амьдралын хэв маягаа зөв болгочход л таны эрүүл мэндэд мэдэгдэхүйц эерэг өөрчлөлт ажиглагдана. Энэ хий хоосон үг биш болохыг ойлгуулахыг тулд өөрийн биеэр туршсан туршилтын үр дүнгээ хуваалцъя.  

Нэг: Эрүүл хоолло 

Хүний биеийн онцлог, амьдарч буй орчин нөхцөл, цаг агаар, ажлын ачаалал, онцлогоос хамаарч нэг өдөрт авах шим тэжээлийн хэмжээ харилцан адилгүй байдаг. Хэрвээ та өөрийн өдөрт авах зохистой шим тэжээлийн мэдээллийг тооцоолохыг хүсвэл ЭНД дарна уу.

Дээр нь олон мэргэжилтнүүдийн санал болгодог дараах зөвлөгөөг дагаарай.

  •   Өглөөний цайгаа заавал уу.
  •   Гурилнаас татгалз. Ядаж бага идэхийг хичээ. Идмээр байвал үдээс өмнө, өглөө ид.
  •   Сахар хэрэглэхээ боль. Кофе, хар цайг сахаргүй ууж сур. Чихэр, шоколад идэхээ хазаарла.
  •   Өөх тосоо багасга. Идвэл сүүл эсвэл өвчүүний өөх ид.
  •   Давсны хэрэглээгээ бууруул. Бага багаар бууруулаад байхад нэг мэдэхэд сурчихдаг юм билээ.
  •   Орой хоол идэхгүй байвал сайн. Идмээр бол амархан шингэх, гурил, сахар, давсгүй хоол идэхийг хичээ.
  •   Үнэхээр тэсэхгүй байвал долоо хоногт нэг удаа дуртай хоолоо ид.

Мах идэхийг огт хориогүй байгаа биз? Хэрэгжүүлэх боломжтой. Би дэглэмтэй үедээ, үхрийн мах, тахианы цээж мах, заримдаа загасны мах идэж байсан.

Хоёр: Зөв амар 

Мэргэжилтнүүд “нар жаргахаар унт, нар мандахаар бос” гэж зөвлөдөг юм билээ. Тэгэхээр, зуны цагт бол 21-22 цагийн үед унтаад өглөө 4-5 цагийн үед сэрнэ. 7 цаг унтана. Хангалттай. Харин өвөл 22-23 цагийн үед унтаад өглөө 6-7 цагт сэрж болох юм. 8 цаг унтана. Үүнийг хэрэгжүүлэхэд хэцүү биш санагдсан. Харин хүүхдүүдээ сэрээчих гээд байдаг жаахан тийм. Гэхдээ, эрт босохоор багагүй ажил амжуулдаг юм билээ. Өглөөний гайхамшиг энэ тэр гээд ном, лекцүүд энэ тухай л зөвлөсөн байдаг. Нэг их гайхамшигсаад байх юм байхгүй. Гэхдээ, өөрийгөө ялаад эрт унтаж, эрт сэрж чаддаг болчихвол гайхамшиг гэж хэлж болно л доо.

Дээрхийг бас “Гурван 8”-н зарчим гэж томьёолж, загварчилсан байдаг. Хүн өдрийн 24 цагийн 8-д нь амарна, 8-д нь ажиллана, 8-д нь “амьдарна”. Амьдарна гэдгийг гэр бүлийнхэн, ойр дотнынхондоо цаг гаргана гэж ойлгож болно. Харамсалтай нь, ихэнх Монголчуудын ажиллаад, амраад, амьдраад байгаа нь ялгагддаггүй буюу зохион байгуулалт, төлөвлөлт хийдэггүй, хийсэн ч түүнийгээ баримталдаггүй дутагдалтай. Бас нэг хүндрэл нь найз нөхөд, хамт олонтойгоо гарч орох, арга хэмжээтэй байх үед горим алдагдана. Унтдаг цагаасаа орой унтсан болохоор өглөө эрт сэрж чадахгүй. Эсвэл эрт сэрдгээрээ сэрэх ч нойрмог байгаад байдаг. Гэхдээ сурчих юм бол ууж идэх, гарч орохоо ч зохицуулаад байхаар юм билээ. 

Сонирхуулахад, хүн орой 20 цагаас өглөөний 2 цагийн хооронд бөх унтчих юм бол хамгийн сайн амралт болдгоос гадна энэ үед хүний биеэс хүнд хэрэггүй зүйлс ялгардаг гэсэн.  

Сануулахад илүүдэхгүй нэг зүйл бол, та гэртээ байгаа, маргааш ажилдаа явахгүй юм чинь гээд гар утсаа ширтээд унтахгүй байж болохгүй. Гар утасны дэлгэцнээс ялгардаг хөх туяа нойр сэргээдэг буюу оройтож унтахад хүргэнэ. Оройтож унтсан хүн өглөө эрт сэрэхгүй.

Гурав: Идэвхтэй амьдар 

Гэрээсээ ажиллах амаргүйг хэн хүнгүй л мэдэрсэн байх. Яг сайхан ажиллах гэхээр л зурагт ч дуугараад л, хөргөгчөө нээж үзмээр санагдаад л, хоолны үнэ хамар цоргиод л, хүүхдүүд орж ирж үймүүлүүлээд л. Гэхдээ, ажлаа хийж байгаа гээд гэртээ байгаа бусад хүмүүстэйгээ муудаад байлтай биш. Тиймээс, гэрээсээ ажиллах дүрэм боловсруулах хэрэгтэй. Жишээ нь би ажлаа өглөө 9 цагт эхэлдэг буюу компьютерийнхээ ард суудаг. Саяхнаас, ажил эхлэхээс 1 цагийн өмнө ажлын өрөөндөө орж ном уншдаг зуршилтай болохыг хичээж байна.

Үдийн хоолоо идчихээд, гэрийнхэнтэйгээ гадаа гарч 1-2 цаг алхаж, тоглодог болсон. Мэргэжилтнүүд “Хүнд байгалиас өгсөн хөдөлгөөн бол алхах, түүний хүндрүүлсэн хувилбар нь гүйх” гэж хэлсэн. Хөл хориогүй үед, гэрийнхээ ойролцоох фитнес клубт  30 минут хурдан алхах эсвэл гүйж, 90 минут дасгал хийдэг байсан. Гол нь фитнесийг зав гарахаар биш, заавал хийх ажил болгож хийх хэрэгтэй. Тэгээд нэгэнт зуршил болчихсоны дараа дэглэмээ алдагдуулахаар харамсалтай санагдаад байдаг юм билээ. Гэхдээ, яаж ийгээд нэг тасалчхаад байдаг нь харамсалтай. 

Дулааны улиралд ажил руугаа дугуй унадаг. Огтхон ч хэцүү биш. Дасгал хийнгээ түгжрэлд цаг алдахгүйгээр ажилдаа оччихно. Харин толиндоо хардаггүй, замын баруун тал руу шахаад байдаг, үхэх гэж байгаа юм шиг дайрдаг машинууд л хэцүү. Хүйтрээд дугуй унах боломжгүй болохоор сайн дулаалаад алхсан. Утсандаа аудио ном хуулж аваад гардаг. Алхах миний хувьд хувь хүний хөгжлийн цаг болсон. Гэтэл яг алхаад эхэлж байтал хөл хорьчихсон.

Нэмээд хэлэхэд, дулааны улиралд ууланд гарах чинь их зүгээр юм билээ. Ядаж 7 хоногт нэг удаа. Бас оройн хоолоо идчихээд гэрийнхээ гадна алхах бас зүгээр санагдсан. Эхнэртэйгээ юм хум яриад. 

Хэлэхэд, бичихэд, уншихад амархан ч хийхэд хэцүү 

14 хоног дээрх дэглэмийг барьсны дараа 8 гаруй кг хаясан байсан. Эхнэрийн баярлаж байна гэж. Гэтэл би “өчүүхэн амжилтандаа ташуураад” маргаашнаас нь хуучны эрүүл бус амьдралын хэв маяг руу аажмаар орж эхэлсэн. Нэгд, өөрийгөө шагнаад, идэж болохгүй байсан хоол хүнсээ “өшөөгөө авч байгаа мэт” идэж, уув. Хоёрт, “Би чадах юм байна, болох юм байна” гэсэн бардамнал тууштай байдлыг минь эвдэж орхисон юм. Үнэхээр шаардлагатай бол би чадах юм байна гэж тайвшрав.

8 кг хаяхад 14 өдөр шаардагдсан бол 7 кг нэмэхэд 4 өдөр л хангалттай байв. Үүнээс би эрүүл байх уул нь амархан ч Монгол хүн чадахгүй юм байна гэж дүгнэсэн хэрэг. Хэдийгээр би бүх Монгол хүнийг төлөөлж чадахгүй ч дийлэнх нь над шиг алхам хийх болов уу. Дээр нь дэглэмээ барьж байхдаа, ганц нэг шар айраг гулгуулж, өөрийгөө хуурснаа нуугаад яахав. Бас дэглэм эвдэгдэх гэхээр ажлаараа түрий барьдаг байсан.

Гэхдээ, би юуг олж мэдсэн бэ гэвэл эрүүл амьдарна гэдэг миний өдөр тутмын сонголт, шийдвэрүүдээс ихээхэн хамааралтай юм байна. Зөвхөн өөрийгөө дайчилж, хянасны үр дүнд үр дүн бий болдог юм байна. 8 кг хаяхад гадна харагдах байдалд эрс өөрчлөлт орж, гэдэс гүзээ татагдаж, хүмүүсээс “турчихсан юм уу даа” гэсэн магтаал ихээр сонссон. Энэ нь миний өөртөө итгэх итгэлд эерэг нөлөө үзүүлсэн. Өөртөө итгэлтэй хүн бусадтай харилцах, ажлаа хийж, гүйцэтгэх тал дээр эерэг нөлөөтэй байсан.  

Ийм зөвлөмж, ийм түүх уншихаар хэн чиг л хийчихмээр санагдаж байгаа биз? Надад ч гэсэн тэгж санагдсан. Гэхдээ, яг хийхэд амаргүй юм билээ. Тиймээс, зуршил болгож, түүртэлгүй хийдэг болох ёстой санагдсан.

Амжилт хүсье. 

Бичсэн: Д.Гэрэлт-Од

x