Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцсэн 21 аймгийн ҮЭ санал шаардлагаа УИХ, Засгийн газарт хүргүүлэв

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 4 сарын 30
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүн байгууллагууд нэгдэж НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцсэн цахим цуглааныг өнөөдөр зохион байгууллаа. 

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэхүү цахим тэмцлийг явуулж буй бөгөөд үйлдвэрчний эвлэлийн гишүүн байгууллагууд нэгдэн 13 заалт бүхий санал шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж буйгаа илэрхийллээ. 

Шаардлагын тухайд:

  1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээ авах
  2. Ажлын байрыг хадгалах хамгаалах, цалин орлогыг бууруулахгүй байх нийгмийн хамгааллын шаардлагатай дэмжлэг хөнгөлөлтийг үзүүлэх.
  3. Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг нэмэгдүүлсэн шийдвэрээ 2021 оны тавдугаар сарын 8-ны дотор цуцалж, холбогдох хуульд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулах
  4. Нийгмийн даатгалын тогтолцоо, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг яаралтай эхлүүлэх
  5. Үндэсний баялгийн сангаас тэтгэврийн санг дэмжих тухай хууль, эрх зүйн орчинг яаралтай бүрдүүлэх
  6. Бараа бүтээгдэхүүний хууль бус үнийн өсөлтийг бий болгохгүй байх иргэдийн цалин орлогын худалдан авах чадварыг хамгаалах
  7. Онцгой нөхцөлд ажиллаж буй салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн нөхцөлийн чиглэлээрээ тодорхой дэмжлэгийн арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх
  8. Банкны зээлийн хүүг бууруулах, бодлогын хүүг хойшлуулах төлбөрийг чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх
  9. Жижиг дунд бизнес эрхлэгчид, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд санхүү татварын хөнгөлөлт үзүүлэх
  10. Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих
  11. Хямралын энэхүү хүндрэлтэй цаг үед аливаа татвар шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх
  12. КОВИД-19 цар тахлын үед хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд учруулж буй сөрөг нөлөөллийг арилгах чиглэлээр авах арга хэмжээний тусгайлсан хөтөлбөр боловсруулж тогтвортой урт хугацаанд хэрэгжүүлэх
  13. Цар тахлын хугацаанд эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтыг хэрэгжүүлж, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх 
 
Гэрэл зургийг MPA.mn

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Олон улсын хөдөлмөрчдийн өдрийг улс орнууд өөрсдийн зорилго дор тэмдэглэж байна. МҮЭХ нийгмийн даатгалын шимтгэлийг эсэргүүцсэн том зорилгын дор өнөөдрийн цуглааныг хийж байгаа нь энэ. Өнөөдрийн цахим цуглаанд идэвхтэй оролцсон бүх гишүүн байгууллагууддаа баярлалаа. Бидний тавьсан шаардлагыг хүлээн авч хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна. Бид шаардлагыг хэрэгжүүлэх хүртэл нь бас шахах хэрэгтэй" хэмээв. 

Цахим цуглааны үеэр 21 аймаг болон гишүүн байгууллагуудын төлөөллүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэдний илэрхийлсэн байр сууриас төлөөлөл болгон хүргэвэл: 

 

Хөвсгөл аймгийн үйлдвэрчний холбоо: Цахим тэмцлийг өрнүүлж байгаад баярлалаа. Өнөөдөр бодит байдал дээр үйлчилгээний байгууллагын ажилтан 30 хоног хөдөлмөрлөчхөөд 400 мянган төгрөгийн цалин авч байна. Манай улсын цалингийн тогтолцоо үнэхээр ичгүүртэй байна.

Авто замын үйлдвэрчний эвлэлийн хороо: Халуунд халж, хүйтэнд хөрч хөдөлмөрлөж байгаа мянга мянган авто замчдаа төлөөлж, НДШ-ийн цахим тэмцэлд оролцож байна. Бид НДШ төлөхийг эсэргүүцдэг. Бид олсон орлогынхоо ихэнхийг шимтгэлд өгчихөөд ард нь үлдсэнээрээ болгодог. Ард түмнээсээ ингэж шимтгэл авдаг манайхаас өөр улс байхгүй. Гар дээр авч байгаа цалингаа харсан ажилчин өнөөдөр дарамт дунд амьдарч байгааг яагаад ойлгодоггүй юм. Энэ байдлаараа цааш явбал олон компани дампуурна. Ямар ч үр өгөөжгүй татвар төлөх шаардлага компаниудад байхгүй.

Дорнод аймгийн үйлдвэрчний холбоо: Маргааш олон улсын эв санааны нэгдлийн өдөр тохиох гэж байна. Цахим тэмцэлд Дорнод аймгийн гишүүн байгууллагууд сэтгэл зүрхээ нэгтгэн оролцож байгааг хэлмээр байна.

Барилгын үйлдвэрчний эвлэлийн холбоо: Монголчуудын ихэнх нь дундаж давхарга гэдэг байсан бол одоо ядуу давхаргынхан болжээ. Шийдвэр гаргагчид сэтгэл гаргаад ард түмнээ бодох цаг болсон. 

 
Гэрэл зургийг MPA.mn