Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн тэргүүнд нэр дэвшигчдийг тодруулж эхэллээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгчийг сонгох санал хураалт 2021 оны зургаадугаар сарын 9-нд болно.

Нам, эвслүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах хуулийн хугацаа өнөөдөр/2021.04.30/ эхэлж байна. Нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 2-ныг дуустал үргэлжилнэ.

УИХ-д суудалтай улс төрийн намуудаас Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцохоо мэдэгдээд байгаа.

Урьдчилсан байдлаар тухайлбал АН-аас Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө олон нийтэд албан ёсоор зарласан.

МАН-ын дарга У.Хүрэлсүх "Шударга ёсны төлөө тэмцэлд үргэлжлэл бий. Би хэлсэндээ хүрч эхлүүлсэн ажлаа дуусгана" хэмээн "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-аас нэр дэвшигчийг дэмжиж ажиллахаа илэрхийлэн, тус намтай нэгдэх гэрээг өчигдөр ёсчлон баталсан юм.

Бусад нам, эвслээс хэнийг нэр дэвшүүлж, Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох нь хуулийн дагуух гурав хоногт тодорхой болох нь.

Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр энэ удаагийн сонгуульд өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн дахин нэр дэвших боломжгүй болсон билээ.

Нам, эвслүүд тавдугаар сарын 5-ны дотор нэр дэвшигчийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ

Нам, эвслүүд тавдугаар сарын 5-ны дотор нэр дэвшигчийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх дараалалтай. Харин Сонгуулийн ерөнхий хороо 3 хоногийн дотор нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

Тус хороо нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэр гаргасан бол тавдугаар сарын 24-ний дотор нэр дэвшигчийн үнэмлэхийг олгож, олон нийтэд албан ёсоор зарлахаар холбогдох хуульд заажээ. Ингэснээр уг өдрөөс сонгуулийн сурталчилгаа эхэлж, зургаадугаар сарын 7-ныг дуустал үргэлжлэх юм байна.