Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Киргиз-Тажикийн хил дээр зэвсэгт мөргөлдөөн гарснаас дөрвөн хүн амь үрэгджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Киргизстан, Тажикстан улсуудын хил дээр зэвсэгт мөргөлдөөн гарснаас дөрвөн хүн амь үрэгдэж, олон арван хүн шархджээ.

Хилийн бүс нутаг дахь усны нөөцийг булаацалдаж маргалдсанаас хоёр талын хилийн цэргүүд хоорондоо харилцан гал нээлцсэн байна.

Баруун Киргизийн хилийн ойролцоох тосгодод амьдардаг 800 гаруй иргэнийг дотогш нүүлгэн шилжүүлжээ.

Мөргөлдөөний үеэр Киргизийн талаас нэг хүн алагдаж, 45 хүн шархдсан байна. Тажикийн талаас гурван хүн алагдаж, 31 хүн шархдсан тухай албаны эх сурвалж мэдээлжээ.

Үдээс хойш талууд гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч Баасан гарагийн шөнө дахин буудалцсан байна.

Лхагва гарагт хил орчмын усны нөөц дээр Тажикийн тал хяналтын камер суурилуулах гэснээс маргаан эхэлсэн гэж Киргизийн тал мэдээлжээ. Өчигдөр Киргизстан улсын ерөнхийлөгч Садыр Жапаров шуурхай хуралдаан зарлаж, зэвсэгт хүчнийхээ удирдлагуудтай нөхцөл байдлыг хэлэлцсэн байна.

Хоёр улс Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байх үеэс ус, газар бэлчээрийн маргаан байнга гардаг байв.

Киргиз, Тажикийн талууд сүүлийн жилүүдэд хилийн маргаанаа шийдэхээр олон удаа хэлэлцээ хийсэн ч үр дүнд хүрээгүй юм. Зөвлөлтийн үед үржил шимт хөрстэй Ферганы хөндийг Киргизстан, Тажикстан, Узбекистан гурван улсад хуваахдаа хилийн зурвасыг нарийн тогтоож өгөөгүй нь өнөөдрийн маргаан зөрчлийн гол үндэс болдог ажээ.

 

Эх сурвалж: Associated Press