Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

QR код бүхий зөвшөөрлийг зориулалтын бусаар ашиглаж хөдөлгөөнд оролцжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

QR код бүхий зөвшөөрлийг зориулалтын бусаар ашиглаж замын хөдөлгөөнд оролцох зөрчил бүртгэгдэж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тухайлбал,

  • Эрүүл мэндийн ажилтан гэсэн үнэмлэх, байгууллагын тодорхойлолтоор эсвэл Эмнэлгийн тоног төхөөрөмж тээвэрлэх албан байгууллагын үнэмлэх, тодорхойлолтоор бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн,
  • Хүчингүй болсон буяны ажлын бичгийн он сарыг засварлан замын хөдөлгөөнд оролцсон,
  • Хүнс тээвэрлэх QR код ашиглан дуудлагаар гутал борлуулахаар хөдөлгөөнд оролцсон,
  • Эмнэлэгт үзүүлэх эмчийн бичиг ашиглан сүү, сүү бүтээгдэхүүн борлуулахаар тээвэрлэж явсан,
  • Хэвлэл мэдээллийн байгууллагад олгогдсон QR код бүхий зөвшөөрөлтэй автомашинаар цахим худалдааны бараанд хүргэлт хийсэн зэрэг зөрчил гарсан байна.
Иймд Бүх нийтийн бэлэн байдлын үед үйл ажиллагааг нь хязгаарлаагүй чиг үүргийн байгууллагад олгосон “QR код” зөвшөөрлийг зориулалтын бусаар ашиглаж хөдөлгөөнд оролцож явсан зөрчлийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн олгогдсон зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авахыг ЦЕГ-аас анхаарууллаа.

Улсын онцгой комиссын даргын 2021.04.25-ны өдрийн №37 дугаар тушаалаар батлагдсан “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд нийслэл хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу дараах тохиолдолд “QR код” зөвшөөрлийг хураан авч хүчингүй болгох арга хэмжээ авах зохицуулалттай.

Тухайлбал:

  • Зөвшөөрлийг хүчингүй болгох талаар зөвшөөрөл эзэмшигчээс хүсэлт гаргасан бол;
  • Зөвшөөрснөөс бусад тээврийн хэрэгсэлд байрлуулж ашигласан бол;
  • Зөвшөөрлийг өөр зориулалтаар ашигласан бол;
  • Замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөгдсөн цагийг зөрчсөн бол;
  • Зөвшөөрлийг бусдад худалдсан, хуурамч материал бүрдүүлж авсан бол;
  • Зөвшөөрөл олгогдсон тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн бол “QR код” зөвшөөрлийг хүчингүй болох арга хэмжээг авах юм.