Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Өнөрбаяр: Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд орохоо больчихлоо гэх үндэслэлгүй буруу мэдээлэл явж байна

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын дээд шүүхийн шийдвэрийн тухай өнөөдөр болсон Ардчилсан намын 4:11 уулзалтын үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр тайлбар өглөө. 

Тэрбээр “Өнгөрсөн хоёр дахь өдөр Улсын дээд шүүхийн хурал болж хоёр талын хүсэлтийг хангаагүй татгалзсан шийдвэр гаргасан. Миний ойлгож байгаагаар үндэслэл нь Улс төрийн намын тухай хуулийн 13.9-д заасан Улс төрийн намын дотоод хэрэгт маргаантай асуудлыг хэлэлцэхгүй гэсэн зарчмыг барьсан байх гэж ойлгосон. Энэ нь нэг асуудлаар хоёр материал очсон болон шүүхийн маргаантай асуудалтай холбоотой болов уу. Шүүхийн маргаан нь энэ долоо хоногт эцэслэгдэх байх. Нөгөө талаас бидний хувьд энэ асуудал дээр дараа нь шүүхэд хандах гарц буюу хууль зүйн гаргалгаа байгааг хэлье.

Түүнчлэн Ардчилсан нам сонгуульд орохоо больчихлоо гээд үндэслэлгүй мэдээлэл, буруу ойлголт явж байна. Бас Ардчилсан нам нэг бүлэг төлөөлөх мэт буруу ойлголт явж байна. Намын бүлэг намыг төлөөлөх эрх мэдэл, хуулийн үндэслэл байхгүй.

Үндсэн хуулиар УИХ-д суудалтай нам эвслээс Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх эрхтэй байдаг. Дээрээс нь Улс төрийн намын тухай хуулиар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл заалт, Улс төрийн намын тухай хуулийн дагуу гарсан Дээд шүүхийн тогтоолын дагуу өнөөдөр хуучин намын даргын бүртгэл нь хууль зүйн хувьд хүчинтэй хэвээр байгаа. Хэрэв шинэ дарга бүртгэгдсэн байсан бол хуулийн этгээдийн гэрчилгээн дээр шинээр бичилт хийж мэдээлэл нь өөрчлөгдөх ёстой. Энэ нь гэхдээ Ардчилсан нам ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэсэн үг биш.

Сонгуулийн ерөнхий хороонд Монгол Улсын Үндсэн хуулиас давсан шийдвэр гаргах эрх мэдэл байхгүй" хэмээв.