Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Вакцины татан авалтыг нэг цагаар ч болтугай наашлуулж, дархлаажуулалтын ажлыг цаг хугацаанд нь хийхээр ажиллаж байна

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан оролцож, вакцин татан авалттай холбоотой цаг үеийн мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр “Сангийн яамны хувьд вакцины төлбөр тооцооны асуудлаа бүрэн хариуцаад ямар нэгэн саадгүй явж байгаа. Худалдан авалтын гэрээ, хэлцэл төлбөрүүд хийгдсэн. 

Том зургаар харвал, өнгөрсөн онд КОВАКС хөтөлбөрт хамрагдаж буйгаа зарлан, гэрээнүүдээ амжилттай хийсэн. Гэхдээ КОВАКС хөтөлбөрийн хүрээнд манай улс руу вакцин нийлүүлэх хугацаа нь долдугаар сард болчхоод байгаа юм. Бидний нөхцөл байдал долдугаар сар байтугай тавдугаар сарыг хүлээх боломжгүй байсан тул наана нь арилжааны шугамаар худалдан авах нөхцөл байдалтай явж байгаа хэрэг.

Одоо БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Vero Cell вакциныг хийж байгаа. Тавдугаар сарын 15-н гэхэд Улаанбаатар хотын насанд хүрсэн иргэддээ хоёрдугаар тунг хийж, үлдсэнд нь нэгдүгээр тунг бүрэн хийх төлөвлөгөө, зорилготой ажиллаж байна. Одоогийн байдлаар төлөвлөгөөнд тасалдал үүсээгүй бөгөөд ойрын хугацаанд вакцины татан авалт хийх гэрээ болон төлбөрүүд хийгдсэн. Иймд татан авалтыг өдрийг аль болох нэг өдөр, нэг цаг ч гэсэн наашлуулах, дархлаажуулалтын ажлыг цаг хугацаандаа хийхийн төлөө ажиллаж байна.

Үндсэндээ зургаадугаар сарын дунд гэхэд нийт зорилтот хүн амынхаа 60 хувьд вакцины нэг, хоёрдугаар тунг хийх тооцоо бий.

Спутник вакцины тухайд тус вакцины үйлдвэрийг хариуцдаг төрийн институттэй нь гэрээ хийчихсэн. Гагцхүү ОХУ-д дотооддоо вакцин хүрэлцэхгүй нөхцөл байдал үүссэн болохоор хоёр тал хүлээлттэй байгаа юм.

Уржигдар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Ерөнхий сайдтай уулзах үеэрээ энэ долоо хоногт эхний татан авалт хийхээр хоёр талаасаа хичээн ажиллахаа илэрхийлсэн. Иймд нааштай үр дүн гарах байх гээд онгоцоо бэлдчихээд хүлээж байна" гэв. 

БИЧЛЭГ: 

https://www.facebook.com/boldiin.javkhlan/videos/462797338332820