Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Pfizer: Covid-19 өвчнийг гэртээ эмчлэх эм 2021 оны сүүлээр бэлэн болно

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Covid-19 өвчнийг эрт үед нь эмчлэх эм энэ оны сүүлээр худалдаанд гарахыг АНУ-ын эм үйлдвэрлэлийн Pfizer компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла өчигдөр CNBC сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Уг эмийг уух зориулалттай тул хүмүүс гэртээ өөрийгөө эмчилж, эмнэлэгт хэвтэхээс сэргийлэх боломжтой гэнэ. Эмийг төлөвлөсөн хугацаандаа зах зээлд гаргаж чадвал эмнэлгийн ачааллыг багасгах, нас баралтыг бууруулах чухал ач холбогдолтой юм байна.

Бас коронавирусийн олон хувилбарын халдварыг эмчлэх чадалтай гэж Бурла ярьжээ.

Шинэ эм нь “protease inhibitors” ангилалд багтдаг бөгөөд ийм ангиллын эмийг ДОХ, элэгний C вирусийн халдварын эсрэг бас хэрэглэдэг байна.

Одоогоор “PF-07321332” гэж нэрлэж байгаа энэ эмийг гуравдугаар сараас эхлэн хүн дээр туршиж байгаа бөгөөд ирэх зун зарим үр дүн харагдаж эхлэх тухай Бурла ярьжээ.

Үүнээс гадна зургаан сартайгаас эхлээд 11 хүртэл насны хүүхдүүдэд зориулсан коронавирусийн эсрэг вакцины туршилт амжилттай үргэлжилж байгааг тэр мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Business Insider