Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Банк бус санхүүгийн байгууллагаас гаргах хаалттай өрийн бичгийг бүртгэх, түүнд хяналт тавих түр журам"-ыг баталлаа

ikon.mn
2021 оны 4 сарын 28
iKon.MN
 

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж нийт 27 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Коронавирус /Covid-19/-ын халдварт цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулж хөл хорио тогтоосон ч салбартай холбоотой бодлого шийдвэрийг шуурхай тасалдалгүй гаргах, хуулийн этгээдүүдийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг цаг тухай бүрт нь шийдвэрлэх зорилгоор Хороо ээлжит хуралдаануудыг цахим хэлбэрээр тогтмол хуралдуулж ажилласаар байна.

Өнөөдрийн хуралдаанаар “Банк бус санхүүгийн байгууллагаас гаргах хаалттай өрийн бичгийг бүртгэх, түүнд хяналт тавих түр журам”-ыг баталлаа. Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө” батлагдсан. Үүнтэй холбогдуулж дээрх хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг зориулалтын дагуу ашиглах, зарцуулалтад хяналт тавих, банк бус санхүүгийн салбар /ББСБ/-т өрийн бичиг авах зэргээр аливаа хэлбэрээр байршуулахаас сэргийлэх, төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдмэл байдлыг хангах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос журмыг боловсруулж ийнхүү өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Энэхүү журам батлагдсанаар хөтөлбөрийн хүрээнд “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн эх үүсвэр банк бус санхүүгийн байгууллагын салбарт өрийн бичиг татах, бусад хэлбэрээр байршуулах зэргээр учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг сайжруулж, хөрөнгө оруулагч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалт бий болж байна.

Хуралдаанаар мөн хоёр компанийн хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичиг болон хаалттай хүрээнд санал болгон гаргаж буй өрийн хэрэгслийг бүртгэхээр шийдвэрлэлээ. Мөн банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх, банк бус санхүүгийн зээл болон факторингийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх, банк бус санхүүгийн богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нийт гурван компанид нэмж олгохоор шийдвэрлэв.

Цаашилбал, долоон хадгаламж зээлийн хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаар, гурван компанид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, нийт зургаан хуулийн этгээдэд үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор тус тус шийдвэрлэсэн юм.