Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунгийн гэр бүл өв залгамжлалын татварт $10.7 тэрбумыг төлөхөөр болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын хамгийн том бизнесийн бүлэглэл болох Самсунг Группын үүсгэн байгуулагч агсан Ли Күн Хэгийн эхнэр, хүүхдүүд нийтдээ 12 их наяд воныг ($10.7 тэрбум) хөрөнгө өв залгамжлалын татварт төлөх болсноо өнөөдөр зарлажээ.

Энэ нь Өмнөд Солонгосын түүхэнд хамгийн том ийм төрлийн татвар төлөлт болж байгаа юм. Гэхдээ өв залгамжлагч тус бүр ямар хувь хэмжээтэйг төлөх тухай мэдээллийг ил болгоогүй байна.

Тэд өвлөсөн хөрөнгөөсөө нэг их наяд воныг коронавирустэй тэмцэх, хүүхдийн ховор өвчнийг судлах үйлсэд хандивлахаар болжээ.

Бас Ли Күн Хэ агсны урлагийн бүтээлийн цуглуулгад багтдаг нийт хоёр их наядын үнэлгээтэй 23,000 орчим эд зүйлсийг музейнүүд, холбогдох байгууллагуудад хандивлахаар шийдсэн байна.

Өмнөд Солонгосын хуулиар өнгөрсөн онд олсон орлогоо татварын албанд тайлагнах хугацаа энэ долоо хоногоор дуусч байгаа юм.

Ли агсны хөрөнгийг түүний эхнэр Хон Ра Хэ, том хүү Ли Жэ Ён, хоёр охин Ли Бү Жин, Ли Со Хюн нар хуваан өвлөж байна.

Өмнөд Солонгосын хамгийн баян хүнд тооцогддог байсан Ли Күн Хэ өнгөрсөн оны аравдугаар сард нас барсан юм. Тэрбээр 22 их наяд воны хөрөнгө үлдээснээс 19 их наяд орчим нь хувьцаа байжээ.

Хэрвээ үл хөдлөх хөрөнгийг нь нэмбэл нийт 25 их наядад хүрэх юм.

Самсунгийн гэр бүл өв залгамжлалын нийт татварын дүнгийн зургааны нэгийг энэ сард багтаан төлж, үлдсэн хэсгийг нь ирэх таван жилийн хугацаанд цувуулж төлнө.

Тэднээс том хүү Ли Жэ Ён бусдаасаа илүү их хөрөнгө өвлөж, Самсунг Группын удирдлагад нөлөөгөө авч үлдэнэ гэж зах зээл судлаачид таамаглаж байна.

Ли агсны урлагийн бүтээлийн цуглуулгаас 60 нь үндэсний соёлын ховор дурсгалд тооцогдох тул музейнүүдэд хандивлагдах гэнэ.

Орчин үеийн урлагийн 1,600 орчим үнэт бүтээлийг мөн холбогдох галарей, музейнүүдэд хандивлахаар болжээ.

Эдгээрийн дотор Пабло Пикассо, Сальвадор Дали, Клод Моне зэрэг дэлхий дахинд алдаршсан зураачдын бүтээлүүд байгаа юм байна.

 

Эх сурвалж: Yonhap News