Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

С.Энхболд: Задлан шинжилгээ хийх боломжтой байсан бол нас барсан хүмүүсийг суурь өвчтэй юу, КОВИД-19-ийн шалтгаанаас уу гэдгийг тогтооно

Т.Саран, iKon.mn
2021 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсов. 

Энэ үеэр гишүүд ямар шалтгаанаар хүмүүс нас барсныг нарийн тодруулж байгаа эсэхийг асуув. 

"Улсын хэмжээнд 96 хүн нас бараад байгаагаас 88 хүн нь цар тахлын хүндрэлээр, 8 нь хавсарсан өвчний улмаас нас барсан. 

Манай улсад задлан шинжилгээ хийх боломжгүй. Боломж байсан бол нас барсан хүмүүсийг суурь өвчтэй юу, КОВИД-19-ийн шалтгаант нас баралт уу гэдгийг тогтооно" гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Эрүүл мэндийн тухай хуульд 30.1,2,3 гээд заалт бий. Гамшгийн үед ажилласан эрүүл мэндийн ажилтан цалингаа гурав дахин нэмэгдүүлж ажиллана, нас барах юм бол эрүүл мэндийн ажилтны гэр бүлд таван сая төгрөг олгоно, иргэд дайчлагдан ажиллавал эрүүл мэндийн ажилтнуудтай тэнцүү хэмжээний урамшуулал олгоно гэж хуульд заасан.

Эмнэлгийн байгууллагын ажилтнуудын урамшууллыг хэр олгож байгаа вэ? Эмч, ажилтнуудаа дархлаажуулах аян өрнүүлээч. Тэд туйлдаж байна" хэмээн тодруулав. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Эрүүл мэндийн тухай хуульд заасан асуудлыг шийдвэрлэнэ. Одоогийн байдлаар 150 эмч сайн дураар ажиллах хүсэлтээ өгсөн. Дайчлагдан ажиллаж байгаа хүмүүс тусгаарлах байранд ороход ямар нэгэн төлбөрийн асуудал яригдаагүй. Дархлаажуулалтын хувьд байгууллага бүрт хэлж, арга хэмжээ авч байгаа" гэлээ.