Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Google, Microsoft-ийн энэтхэг захирлууд эх орондоо тусална

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Зүүн гар талаас Сатья Наделла, Сундар Пичай

Цар тахлын гамшигт нэрвэгдээд байгаа Энэтхэг улсад Google, Microsoft компаниудын гүйцэтгэх захирлууд туслахаар болжээ.

Google-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай, Microsoft-ийн гүйцэтгэх захирал Сатья Наделла нар хоёул Энэтхэгт төрсөн энэтхэг хүмүүс юм.

Пичай эхлээд Энэтхэгийн засгийн газарт компаниасаа болон ажилтнуудынхаа зүгээс 1.35 тэрбум рупигийн ($18 сая) тусламж үзүүлэхээр болсноо твиттер хуудсандаа мэдэгджээ.

Үүнээс хэдхэн цагийн дараа Наделла компанийнхаа нөөц бололцоо, технологийн хүчин чадлыг Энэтхэг улсад туслахад дайчлахаа амласан юм.

Тэрбээр Энэтхэгт цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнд санаа зовж байгаагаа илэрхийлж, төрөлх эх оронд нь тусламж үзүүлж байгаа АНУ-ын засаг захиргаанд талархал илэрхийлжээ.

Наделла, Пичай нар Энэтхэгээс төрсөн хамгийн амжилттай яваа гүйцэтгэх захирлууд юм.

Наделла нь өмнөд Энэтхэгийн Хайдерабад хотын уугуул бөгөөд 1992 оноос хойш Microsoft компанид ажиллаж, 2014 онд гүйцэтгэх захирал нь болжээ.

Пичай нь Энэтхэгийн Тамил Надуд төрсөн. Тэрбээр Стэнфордын их сургуульд суралцахаар АНУ-д ирэх хүртлээ компьютертэй байж үзээгүй гэдэг.

Пичай 2004 онд Google компанид ажилд орж, 2015 онд гүйцэтгэх захирал нь болжээ.

Өчигдөр Энэтхэг улсад коронавирусийн халдварын 352,991 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлыг 17.3 саяд хүргэсэн юм.

Энэ бол цар тахлын түүхэнд нэг улсад нэг өдрийн дотор хамгийн олон хүн халдвар авсан тохиолдол.

Энэтхэгт бас Covid-19 өвчнөөр амиа алдсан хүний тоо эрчимтэй өсөж байна. Сүүлийн хоногт 2,812 хүн нас барсан нь тус улсын хувьд бас л хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Нийтдээ Энэтхэгт коронавирусийн халдварын хүндрэлээр 195,000 гаруй хүн амиа алдаад байна.

 

Эх сурвалж: CNN