Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахлын хоёр дахь давалгаатай тэмцэхэд нь Энэтхэг улсад АНУ туслахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед Энэтхэг улсад коронавирусийн цар тахал эрчимжиж байгаатай холбогдуулан яаралтай тусламж үзүүлэхээр болсноо Цагаан ордон Ням гарагт мэдэгджээ.

Тухайлбал вакцин үйлдвэрлэхэд шаардагдах түүхий эд, материал, эмнэлгийн ажилтнуудад халдвараас хамгаалах хувцас хэрэгсэл, оношлуур, эм, амьсгалын аппарат зэргийг тусламж болгон илгээхээр бэлдэж байгааг АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Эмили Хорн мэдэгдсэн байна.

Мөн Энэтхэгийн тэргүүлэх вакцин үйлдвэрлэгч BioE компанийн үйл ажиллагааг өргөтгөх ажлыг санхүүжүүлэхээр болжээ.

BioE-ийн үйлдвэрлэлийг ингэж өргөтгөвөл 2022 оныг дуустал нэг тэрбум тун вакцин гаргах боломжтой болох гэнэ.

Ням гарагт Энэтхэг даяар коронавирусийн халдварын 349,691 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь дэлхий дахинд өмнө нь бүртгэгдсэн хамгийн дээд үзүүлэлтийг дөрөв дэх өдрөө дараалан ахиулсан хэрэг байв.

Тус улсын эмнэлгүүдийн ачаалал хэтэрч, хүчилтөрөгчийн нөөц нь дуусч байгаа. Вакцинжуулах ажил үргэлжилж байгаа ч хүн амын 2 хүрэхгүй хувийг л хамруулаад байна.

“Ойрын өдрүүдэд АНУ, Энэтхэг улсууд нягт хамтран ажиллах болно. Бид өөрт байгаа нөөц бололцоогоо дайчлахад бүх анхаарлаа тавин ажиллаж байна” гэж Хорны мэдэгдэлд өгүүлжээ.

Түүний мэдэгдэлд АНУ-аас илүүдэл вакцинаар Энэтхэг улсад туслах боломжийн талаар дурдаагүй байна.

АНУ-ын засаг захиргаа өнгөрсөн оны зун AstraZeneca компаниас 300 сая тун коронавирусийн эсрэг вакцин авах гэрээ байгуулж байжээ. Өнөөдрийн байдлаар үүнээс 30 сая тунг хүлээж аваад байгаа гэсэн мэдээлэл бий.

Гэхдээ АНУ хүн амынхаа дархлаажуулалтад Pfizer/BioNTech, Moderna, Johnson & Johnson компаниудын вакциныг хэрэглэж байгаа ба AstraZeneca вакциныг ашиглахгүй нь тодорхой болсон юм. 

Харин Энэтхэг улсын хувьд AstraZeneca вакцин нь хүн амаа дархлаажуулах гол зэвсэг юм.

 

Эх сурвалж: Business Insider