Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Индонезийн шумбагч хөлгийн хуваагдсан гурван хэсгийг далайн ёроолоос олжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Индонезийн Бали арлын ойролцоо тус улсын тэнгисийн флотын шумбагч хөлөг сураггүй алга болсон юм.

Бямба гарагт хөлгийн эх бие далайн ёроолд байгааг тандалтын төхөөрөмжөөр илрүүлснээс гадна далайн мандлаас усан цэргүүдийн зарим эд зүйлсийг олж байв.

Харин өчигдөр буюу Ням гарагт хөлөг гурван хэсэгт хуваагдан живж, хөлгийн багийн гишүүн 53 хүн амьд олдох найдлагагүй болсныг Индонезийн армийн генерал Хади Тяхяанто мэдэгджээ.

Шумбагч хөлөг нь гадна бүрхүүл хэсэг, хитэг, эх бие гэсэн гурван хэсэгт хуваагдсанаас эх бие нь эвдэрч, задарсныг далайн ёроолоос авсан гэрэл зураг харуулсан байна. Осолд хөлгийн багийн гишүүд буруугүй, хуучирсан техникийн элэгдэл нөлөөлсөн гэх урьдчилсан таамаг яригдаж байгаа гэнэ.

Өчигдөр Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.

Шумбагч хөлгийг эрэн хайх ажиллагаанд АНУ, Австрали, Сингапур, Малайз, Энэтхэгийн хөлгүүд тусламж үзүүлсэн байна.

Зүүн өмнөд Азийн хамгийн олон хүн амтай Индонез улс сүүлийн жилүүдэд батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа ч зэвсэг техникийн зарим хэсэг нь хуучин хэвээр байгаа.

Сая живсэн KRI Nanggala-402 хөлөг нь 44 жилийн өмнө Германд үйлдвэрлэгдэж, 2012 онд их засвараас гарч байжээ.

Уг ослоос өмнө Индонез улс таван шумбагч хөлөгтэй байсны хоёр нь Германд үйлдвэрлэсэн хуучин хөлгүүд, гурав нь сүүлд Өмнөд Солонгосоос худалдаж авсан шинэ хөлгүүд байв.

 

Эх сурвалж: Reuters