Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн төрөлхтөн хумхаа өвчний эсрэг вакцинтай болоход ойртлоо

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Оксфордын их сургуулийн судлаачид халуун орны хумхаа өвчний эсрэг вакцин бүтээсэн нь эхний туршилтаар 77 хувийн үр дүнтэй гарсныг энэ долоо хоногт зарлажээ.

Хумхаа өвчнөөр жил бүр 400,000 гаруй хүн нас бардагийн ихэнх нь хүүхдүүд юм. Африк тивийн Сахарын цөлөөс өмнөх бүс нутагт ихэвчлэн бүртгэгддэг өвчин ажээ.

Эрдэмтэд олон жилийн турш хумхаа өвчний эсрэг вакцин бүтээхээр ажиллаж байсан ч Оксфордын их сургуулийн вакцин нь анх удаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тавьдаг шалгуурт нийцсэн байна.

Буркина Фасо улсад 450 хүүхэд оролцсон вакцины эхний шатны туршилт явуулахад 77 хувийн үр дүнтэй дархлаа тогтоожээ.

Одоо Африкийн дөрвөн улсад таван сараас гурван настай 5,000 орчим хүүхдийг оролцуулсан туршилт явуулж дээрх үр дүнг батлах юм.

Хумхаа нь шумуулаар дамжиж хүнд халдварладаг. 2019 онд дэлхий даяар 229 сая халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 409,000 нь нас барсныг ДЭМБ мэдээлжээ.

Хэдийгээр урьдчилан сэргийлж, эмчлэх боломжтой гэгддэг ч нэгэнт халдвар авбал богино хугацаанд хүндэрч, заримдаа үхэлд хүргэдэг байна.

Оксфордын судлаачдын бүтээсэн вакцинаас өмнө гарсан вакцины хамгийн өндөр үр дүн 55 хувь байжээ.

Гэтэл ДЭМБ-ын шаардлага 75-аас дээш хувь байдаг.

Оксфордын судлаачид хумхаа өвчний эсрэг вакцинаа 2019 оноос туршиж эхэлсэн бөгөөд эндээс олж авсан мэдлэг туршлагаа коронавирусийн эсрэг вакцин бүтээхэд ашигласан байна.

Хумхаагийн вирус олон мянган мутацлагдсан хувилбартай тул бүтээхэд илүү их хугацаа орсныг судлаачид тайлбарлажээ. Харьцуулбал коронавирус нь арав гаруй хувилбартай байгаа юм.

 

Эх сурвалж: BBC