Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Японд 35 найз бүсгүйтэй болсон залилагч этгээд баривчлагджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Саяхан Японы Осака мужийн цагдаа нар 39 настай Такаши Мияагава гэгч этгээдийг залилангийн гэмт хэрэгт сэжиглэн баривчилжээ.

Оршин суух тодорхой хаяггүй, цагийн ажил хийдэг энэ этгээд нийт 35 эмэгтэйтэй хамт амьдарна гэж залилаад тэднээс төрсөн өдрийн бэлэг авдаг байсан байна.

Ингэхдээ хохирогч бүрт өөрийн төрсөн өдрийг өөр өөрөөр хэлж бэлэг авч байжээ. Хамгийн сүүлд 47 настай эмэгтэйд өөрийгөө хоёрдугаар сарын 22-нд төрсөн гэж итгүүлээд бэлэг авсан байна.

Уг нь түүний төрсөн өдөр арваннэгдүгээр сарын 13-ны өдөр байжээ.

Одоогоор Мияагавад залилуулсан эмэгтэйчүүдийн тоо 35 хүрсэн бөгөөд цааш нэмэгдэх магадлалтай байгаа гэнэ.

Дээрх эмэгтэйчүүдээс нийт 100,000 иений ($1,000 орчим) үнэ бүхий төрсөн өдрийн бэлэг авсныг мөрдөж илрүүлжээ. Эмэгтэйчүүд голдуу хувцас, бэлэн мөнгө түүнд бэлэглэсэн байна.

Мияагава нь нэгэн маркетингийн компанид ажиллаж, шүршүүрний толгой борлуулахаар айл өрхүүдээр явж байхдаа ганц бие эмэгтэйчүүдийг олж, танилцдаг байжээ. Тэрбээр танилцсан эмэгтэй бүртээ “насан туршдаа хамт амьдарна” гэж амладаг байсан гэнэ.

Түүнд залилуулсан эмэгтэйчүүд сүүлд нэгдэж “Хохирогчдын Холбоо” байгуулаад хоёрдугаар сард цагдаагийн газарт өргөдөл гаргасан юм байна.

Японы MBS телевиз Мияагаваг цагдаа нарт баривчлагдахаас нь өмнө эрэн сурвалжилж, олж цуглуулсан материалуудаа саяхан нийтэд үзүүлжээ.

Эх сурвалж: Japan Times