Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

NASA-гийн сансрын нисгэгчид SpaceX-ийн пуужингаар хоёр дахь удаагаа тойрог замд хүрлээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт NASA-гийн сансрын нисгэгчид дэлхийгээс хөөрч, тойрог зам дахь Олон Улсын Сансрын Станцад амжилттай хүрчээ.

Тэднийг тээвэрлэсэн SpaceX компанийн Crew Dragon хөлөг нь өнөөдрийн байдлаар сансрын уудамд хүн нисгэж байгаа анхны бөгөөд цорын ганц хувийн эзэмшлийн хөлөг юм.

SpaceX компани нийтдээ зургаан удаа NASA-гийн сансрын нисгэгчдийг тойрог замд хүргэх гэрээ байгуулсан.

Өчигдрийн Crew-2 бол хоёр дахь нислэгийн баг юм. Анхны Crew-1 багийн нислэгийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гүйцэтгэж байв.

Энэ бол арав орчим жилийн дараа Америкчууд анх удаа өөрийн хөлгөөр, өөрийн газар нутгаас сансарт ниссэн тохиолдол байжээ. Өмнө нь тэд ОХУ-ын Союз хөлгөөр тойрог замд хүрдэг байв.

Crew-1 багийн хоёр сансрын нисгэгч болох NASA-гийн Боб Бэнкэн, Даг Харли нар одоо Олон Улсын Сансрын Станцад ажиллаж байгаа. 

Тэдэн дээр Crew-2 багийн гишүүд болох NASA-гийн Шэйн Кимброу, Меган Макартур, Японы Акихико Хошиде, Европын Холбооны Томас Пескю нар нэмэгдэ байна.

Өөр нэг чухал үр дүн бол энэ удаа өмнө нь ашигласан сансрын хөлгийг дахин ашигласан явдал юм.

Өөрөөр хэлбэл Crew-1 багийг тойрог замд хүргэсэн Crew Dragon хөлгийг дэлхийд буцаж газардахад нь засаж сэргээгээд Crew-2 багийг нисгэхэд дахин ашигласан байна.

Crew Dragon хөлгийг хөөргөхөд ашигласан Falcon 9 тээвэрлэгч пуужин нь мөн хоёр дахь удаагаа ашиглагдаж байгаа юм.

Crew-2 багийнхан нэмэгдсэнээр Олон Улсын Сансрын Станц нийт 11 зочинтой болно. Дөрөвдүгээр сарын 28-нд тэдний дөрөв нь дэлхийдээ буцаж ирэх ажээ.

Харин шинээр нэмэгдсэн Crew-2 багийнхан тойрог замд зургаан сарын хугацааг өнгөрүүлэх юм байна.

 

Эх сурвалж: Tech Insider