Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Орос улстай найрсаг бус харилцсан гадаад улс орнуудын эсрэг хариу арга хэмжээ авах хуулийг В.Путин баталжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улстай найрсаг бус харилцсан гадаад улс орнуудын эсрэг хариу арга хэмжээ авах хуулийг өчигдөр баталжээ.

Уг хуулинд зааснаар Орос улс, Оросын иргэд, хуулийн этгээдтэй найрсаг бусаар харилцсан гадаад орны төр засгийн байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газруудын эсрэг ямар хариу арга хэмжээ авахыг тодорхойлсон байна.

Үүнд янз бүрийн хоригоор шийтгэхээс эхлээд нутаг дэвсгэрээсээ хөөх, үйл ажиллагааг нь хориглох хүртэл арга хэмжээ авахаар заажээ.

Мөн ОХУ дахь найрсаг бус харилцаатай гадаадын элч төлөөлөгч, дипломат байгууллагуудад ажиллах хүн хүчний тоонд хязгаар тогтоохоор болсон байна. Гэхдээ эдгээр байгууллагуудад ажиллаж буй ОХУ-ын иргэдийн хөдөлмөрийн гэрээ зөрчигдөхгүй байхад хяналт тавьж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.

Хамгийн сүүлд Орос, Чех улсуудын хооронд гарсан дипломат маргааны улмаас хоёр улс Москва, Прага дахь тус тусын элчин сайдын яамны албан хаагчдын тоог 7-гоор хязгаарлах арга хэмжээ авсан юм.

 

Эх сурвалж: ТАСС