Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ хүн амынхаа дархлаажуулалтад Johnson & Johnson вакциныг дахин хэрэглэж эхэллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Долоо хоног гаруйн өмнө АНУ-ын засаг захиргаа Johnson & Johnson (J&J) компанийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг цусны бүлэгнэл үүсгэдэг байж болгозшгүй шалтгаанаар хүн амынхаа дархлаажуулалтад ашиглахыг түр зогсоож байв.

Тэгвэл Баасан гарагт тус улсын эрх баригчид энэ хоригоо цуцалж, дахин ашиглаж эхлэхийг зөвшөөрчээ. Ингэхдээ J&J вакциныг 50 хүртэл насны эмэгтэйчүүдэд тарихгүй байх зөвлөмж гаргасан байна.

Мэргэжилтнүүд уг вакцины коронавирусийн халдвараас сэргийлэх ач холбогдол нь үүсгэж болох эрсдлээсээ хавьгүй илүү өндөр гэж дүгнэжээ.

АНУ-д J&J вакцин тариулсны дараа цусны бүлэгнэл илэрсэн цөөн тохиолдлын ихэнх нь 18-49 насны эмэгтэйчүүд байсан юм. Тэдний зарим нь амь насаа алдаж байв.

Өнөөдөр АНУ даяар 220 сая гаруй тун вакциныг хүн амын дархлаажуулалтад ашиглаад байгаагийн ихэнх нь Pfizer/BioNTech, Moderna компаниудын бүтээсэн вакцин юм.

Түр зогсоох хүртэл J&J компанийн вакцины 8 сая орчим тунг ашиглаад байжээ.

J&J вакцин нь ганц тунгаар бүрэн дархлаа тогтоодог, хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөл шаардлага өндөр биш тул цар тахлын эсрэг тэмцэлд чухал ач холбогдолтойд тооцогддог.

Мөн адил шалтгаанаар J&J вакциныг түдгэлзүүлээд байсан Европын Холбоо дөрөвдүгээр сарын 20-нд дахин ашиглаж эхлэх шийдвэр гаргасан юм. Ингэхдээ цусны бүлэгнэлийн эрсдлийг зөв тооцоолохыг эмч, эмнэлгийн ажилтнуудад зөвлөжээ.

 

Эх сурвалж: Business Insider