Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутагт өчигдөр илэрсэн тохиолдлын хамгийн олон буюу 49 нь Завхан аймагт бүртгэгджээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр орон нутагт 160 тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлсэн. Өчигдрийн 23:59 цагийн байдлаар Төв аймагт 36, Өвөрхангайд 13, Ховд, Дундговьд дөрөв, Сэлэнгэд гурав, Хэнтий, Булган, Хөвсгөлд нэг тохиолдол тус тус илэрсэн бол хамгийн олон буюу 49 нь Завхан аймагт бүртгэгджээ. 

Тодруулбал, Завхан аймгийн Улиастайд 18, Их-Уулд 14, Нөмрөг суманд нэг иргэн коронавирусийн халдвар авсан нь батлагдсан байна.
Улиастай сумын 175 иргэнээс авсан PCR шинжилгээний хариу гарч, Уламжлалтын эмнэлэгт Тосонцэнгэл, Их-Уул сумаас ирж хэвтэн эмчлүүлж байгаа иргэд болон батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын нийт 18 иргэн халдвар авчээ. 

Завхан аймгийн Их-Уул суманд одоогоор гурван голомт үүсээд байна. 

  1. Дөрөвдүгээр сарын 14-нд Тосонцэнгэлээс Их-Уул суманд очсон бариачийн голомт,
  2. Их-Уул сумаас Тосонцэнгэлд буяны ажлаар очсон иргэдийн голомт,
  3. Тосонцэнгэлээс Их-Уул сумын Зарт багт очсон иргэдийн голомт тус тус үүсэж, 14 иргэн халдвар авчээ. 
Тандалт судалгааны ажил үргэлжилж байна. 
 
Нөмрөг суманд Улаанбаатар хотоос очсон гэрийн тусгаарлалтад байгаа нэг иргэн коронавирусийн халдвар авсан нь мөн батлагдсан. Ингэснээр Завхан аймагт нийт батлагдсан тохиолдол 161 болжээ. 
 
Иймд иргэд гэрээсээ гарахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтална уу хэмээн Завхан аймгийн шуурхай штабаас мэдээлэв.