Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх асуудалд АН-ын бүлэг дахин нэг цагийн завсарлага авав

Т.Саран, iKon.mn
2021 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэнэ. 

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэдэг дүгнэлт гаргасан билээ. Холбогдох байнгын хороодоор уг дүгнэлтийг хэлэлцээд хүлээн авах нь зүйтэй гэж үзээд байгаа юм. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1153496288406642

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэхээс өмнө УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат завсарлагын хугацааг дахин сунгаж өгөхийг хүсэв. УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааны үеэр АН-ын бүлэг тус асуудлаар өнөөдрийн 16:00 цаг хүртэл завсарлага аваад байсан юм.

Тэрбээр "Олон нийтийн бодол энэ асуудалд харилцан хуваагдалтай байна. МАН олонх болсон үед ийм үйл явдал давтагддаг. Эцэст нь ард түмэн хохирдог. Хэдхэн цагийн өмнө Ерөнхийлөгч илгээлт гаргаж, ард түмэндээ хандаж байна.

Г.Занданшатар дарга та бид хоёр нэг нутгийн хүүхдүүд. Та бид хоёрыг нутгийнхан харж байгаа. Энэ асуудлаар ул суурьтай шийдвэр гаргах боломжоор хангаж өгмөөр байна.

УИХ-аас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалт, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх Үндсэн хуулийн 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэх асуудлаар авсан завсарлагын хугацааг сунгаж, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн дагуу дахин гурав хоногийн завсралаг өгөхийг хүсэж байна" гэлээ. 

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 9-нд товлогдсон. Нэр дэвшигчийг бүртгэх ажиллагаа энэ сарын 30-наас эхэлнэ. Уг хууль 5 дугаар сарын 2-ноос хэрэгжинэ. Цагтай асуудал учраас бүлгийн дарга нартай хэлэлцэж, дахин нэг цагийн завсарлага өгөхөөр болж байна" гэв. 

Ингээд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг 17:16 цагаас хэлэлцэж, санал хураалт явуулахаар болов.