Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Армений геноцидыг Жо Байден албан ёсоор хүлээн зөвшөөрч магадгүйг мэдээлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ирэх Бямба гарагт дэлхийн нэгдүгээр дайны үеэр Оттоманы эзэнт гүрэн армени үндэстний эсрэг геноцид үйлдсэнийг албан ёсоор хүлээн зөвшөөрч магадгүй байгааг Нью Йорк Таймс сонин мэдээлжээ.

Хэрвээ ингэвэл таагүй байгаа Вашингтон-Анкарагийн харилцаа улам муудах юм.

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Армений Геноцидыг Дурсах Өдөр тохиодог.

1915 оны энэ өдөр геноцид эхэлж, Оттоманы эзэнт гүрэн нийт 1.5 сая орчим армени үндэстнийг бөөнөөр устгасан гэдэг.

Турк улс энэ үйл явдлыг геноцид гэж нэрлэхийг эрс эсэргүүцдэг. Гэсэн хэдий ч АНУ-ын 49 муж, NATO-гийн гишүүн Франц, Герман, Канад улсууд геноцид болсныг нь албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм.

Харин АНУ-ын холбооны засгийн газар одоогоор хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Жимми Картераас эхлээд АНУ-ын ерөнхийлөгч бүр дөрөвдүгээр сарын 24-ны өдөр мэдэгдэл гаргадаг ч геноцид гэсэн үгийг хэрэглэхээс зайлсхийсээр иржээ.

Тухайлбал АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны энэ өдөр үг хэлэхдээ армени үндэстний аллагыг “20 дугаар зууны хамгийн харгис явдлуудын нэг” гэж тодорхойлж байв.

Мягмар гарагт Туркийн гадаад хэргийн сайд Мэвлут Чавушоглу орон нутгийн хэвлэлд ярихдаа “Ийм мэдэгдэл нь хууль эрх зүйн хувьд ямар нэг чадамжгүй. Гэхдээ хоёр орны харилцааг муутгах нь тодорхой. Хэрвээ АНУ харилцаагаа муутгахыг хүсэж байгаа бол шийдвэрээ гаргана биз” гэжээ.

АНУ-Туркийн харилцаа Жо Байденыг Цагаан ордонд ирэхээс өмнө муудсан юм.

Турк улс NATO-гийн гишүүн боловч Сири дэх Америкийн холбоотон Курдүүдийн эсрэг байлдааны ажиллагаа явуулж, ОХУ-аас С-400 пуужингээс хамгаалах систем худалдаж авсан нь хоёр улсын харилцаанд хагарал үүсгэж байв.

Сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Байден Туркийн ерөнхийлөгч Эрдоганыг “дарангуйлагч’ гэж нэрлэж, Анкарагаас эсэргүүцэл илэрхийлж байжээ. Саяхан Байден ОХУ-ын ерөнхийлөгчийг “алуурчин” гэж нэрлэхэд Эрдоган шүүмжилж, Путинийг өмгөөлж байв.

 

Эх сурвалж: New York Times