Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн нэг эмнэлэгт хүчилтөрөгчийн нөөц дууссанаас 22 өвчтөн нас баржээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн цар тахлын хоёр дахь давалгаа Энэтхэг улсын эрүүл мэндийн системийг туйлдуулж байна.

Өчигдөр тус улсын хамгийн хүнд нөхцөлд байгаа Махараштра мужийн нэг эмнэлэгт хүчилтөрөгчийн нөөц дууссанаас 22 өвчтөн нас барсан байна. Эмнэлгийн гадна өвчтөнүүдийн ар гэрийнхэн цугларч, эмч сувилагч нар сандран гүйлдэж буйг Энэтхэгийн телевизийн сувгууд үзүүлжээ.

Сүүлийн долоо хоногийн турш Энэтхэг даяар эмнэлгүүд хүчилтөрөгчийн нөөцгүй болоход хэдхэн цаг үлдээд байгаагаа зарлаж байв.

Өнөөдөр тус улсад коронавирусийн халдвар тархалт дэлхийн бусад аль ч улсад байхгүй өндөр хурдтай байна.

Лхагва гарагт халдварын 294,000 орчим тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Сүүлийн 24 цагийн дотор Энэтхэгт 2,000 гаруй хүн Covid-19 өвчний хүндрэлээр нас барсан байна.

Халдварын тархалт эрчимжихэд жил бүр тус улсад болдог Хиндү шашны баяр нөлөөлж байна гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.

Нэгдүгээр сараас эхэлсэн Кумб Мела гэдэг уг баярын үеэр Ганга мөрөнд 10 гаруй сая мөргөлч цуглардаг ба зөвхөн өчигдөр 70,000 орчим хүн оролцсон байна. Уг үйл явдлыг Энэтхэгийн засгийн газар хориглож дийлэхгүй байгаа.

Энэтхэгийн хэвлэлүүдийн мэдээлснээр баярт оролцогчдоос шинжилгээ авсан эхний 48 цагийн хугацаанд 1,000 гаруй халдварын тохиолдол илэрчээ.

Хиндү шашны үндсэрхэг үзлийг номлодог ерөнхий сайд Нарендра Модигийн засгийн газар уг баярыг зогсоох талаар шийдвэртэй арга хэмжээ авч чадаагүй гэж шүүмжлүүлж байна.

Мягмар гарагт телевизээр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ Моди хөл хорионы дэглэмийг хамгийн сүүлд авах арга хэмжээ гэж хэлсэн юм. Гэвч Энэтхэгийн зарим бүс нутаг, хотууд төв засгийн газрын шийдвэрийг хүлээлгүйгээр өөрсдийн хүрээнд хөл хорионы дэглэм тогтоож эхэлжээ.

 

Эх сурвалж: New York Times