Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Итали улсын “ажил таслалтын хаан” 15 жил сул цалин авсныг илрүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Итали улсын Калабриа мужийн Катанзаро хотын нэгэн улсын эмнэлгийн ажилтан 15 жилийн турш огт ажилдаа ирээгүй ч цалингаа бүрэн авч байсныг орон нутгийн цагдаагийн байгууллага илрүүлжээ.

Одоо 67 настай уг ажилтан 2005 оноос хойш нийтдээ 538,000 еврогийн цалин авсан байна. Түүнд хуурамч бичиг баримт үйлдсэн, айлган сүрдүүлж мөнгө луйвардсан, ажлын байрны дүрэм журам зөрчсөн зэрэг хэргүүд үүсгэн шалгаж эхэлжээ.

Италийн хэвлэлүүд түүнийг “ажил таслалтын хаан” хэмээн нэрлэсэн байна.

Мөн уг хэрэгт оролцсон байж болзошгүй зургаан менежэрийг сэжигтнээр татан шалгаж эхэлжээ.

Анх 2005 онд сэжигтнийг ажил тасалж эхлэхэд эмнэлгийн захирал шийтгэлийн арга хэмжээ авахаар завдаж байсныг цагдаа нар илрүүлсэн байна. Гэвч сэжигтэн захирлаа айлган сүрдүүлснээр арга хэмжээ авалгүй өнгөрчээ. Удалгүй захирал тэтгэвэртээ гарч, шинэ захирал ирсэн байна.

Тэр үеэс хойш эмнэлгийн захиргаанаас хэн ч уг асуудлыг сөхөлгүй олон жил болжээ.

Итали улсын төрийн байгууллагуудад ажил цалгардуулах, өмч хөрөнгө завших явдал түгээмэл байдаг.

Үүнд тавих хяналтыг чангатгах хуулийг засгийн газар 2016 онд баталснаас хойш хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлж байжээ.

Тухайлбал Сан Ремо хотын захиргааны 35 ажилтан цаг бүртгэлийн системийг хамгийн богинодоо хоёр жилийн турш залилдаг байсныг цагдаа нар хяналтын камерны тусламжтай илрүүлж байв. 

Зарим ажилтны эхнэрүүд нөхрийнхөө ажлын үнэмлэхийг өглөө бүр уншуулж, өмнөөс нь бүртгүүлдэг байсан бол зарим хэсэг нь цагаа бүртгүүлсний дараа дэлгүүр хэсэх, амарч зугаалахаар гардаг байжээ.

Өөр нэг тохиолдолд ажлын байртайгаа нэг байшинд амьдардаг замын цагдаагийн офицер өглөө бүр унтлагын хувцастай ирж цагаа бүртгүүлээд буцаж гэртээ орж унтдаг байсныг мөн илрүүлж байв.

 

Эх сурвалж: The Guardian