Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Индонезийн шумбагч хөлөг онгоц далайд сураггүй алга болжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Индонез улсын тэнгисийн флотын шумбагч хөлөг өчигдөр өглөө далайд сураггүй алга болжээ.

Бали арлын эргээс 100 км зайд сургуулилалт хийж яваад холбоо тасарсан хөлөгт 53 хүн байсан гэнэ.

Индонезийн армийн байлдааны хөлгүүд эрэн хайх ажилд дайчлагдсан байна. Мөн тус улсын засгийн газар хөрш Сингапур, Австрали улсуудаас тусламж хүссэн тухай мэдээлжээ.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр хөлөг далайн усны гүн хэсэгт шумбах зөвшөөрөл авсны дараа холбоо тасарсан гэнэ.

1970-аад оны сүүлээр Германд үйлдвэрлэсэн KRI Nanggala-402 шумбагч хөлгийг Өмнөд Солонгост хоёр жил засварлаж, тоноглосны дараа 2012 оноос дахин ашиглаж эхэлжээ.

Индонез улсын тэнгисийн флотын шумбагч хөлгүүдээс сураггүй алга болсон анхны тохиолдол энэ юм.

Хамгийн сүүлд 2017 онд Аргентин улсын 44 хүнтэй шумбагч хөлөг Атлантын далайн өмнөд хэсэгт сураггүй алга болж байв. Дэлбэрэлтийн улмаас живсэн хөлгийг жилийн дараа далайн ёроолоос олж байжээ.

 

Эх сурвалж: BBC