Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Явган хүний гарам, зам тээврийн ослын үед анхны тусламж үзүүлэх цэг байгуулна

Т.Саран, iKon.mn
2021 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд 2021 онд хэрэгжүүлэх тусгай үйл ажиллагааны төлөвлөгөөний талаарх уулзалт Зам, тээврийн хөгжлийн яаманд боллоо.

Уулзалтын үеэр  “2021 онд хэрэгжүүлэх тусгай үйл ажиллагааны төлөвлөгөөнд заагдсан ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх асуудал” сэдвээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Б.Ганзориг, “Телехяналтын системийн өнөөгийн нөхцөл байдал, гарч байгаа хүндрэл, цаашид анхаарах асуудал” сэдвээр Тээврийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын газрын Мэдээлэл, технологийн тасгийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга мэдээлэл, танилцуулга хийв.

ОХУ-ын Москва хот 180 мянган камертай бөгөөд теле хяналтын төслийг 2012 оноос дөрвөн үе шаттай хэрэгжүүлснээр гэмт хэргийн 70 хувийг илрүүлж, гаралтыг 19 хувиар бууруулж чаджээ.

2021 онд Улаанбаатарын хэмжээнд ашиглаж байгаа камерын хэрэглээг стандартаар баталгаажуулан 35 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.

Түүнчлэн дараах асуудлыг хэлэлцэж, хэрэгжүүлэхээр болов.

  • Мотоцикльд тавигдах стандартыг боловсруулж батлуулах,
  • Улсын чанартай авто зам дагуух суурин газрын ерөнхий боловсролын сургууль орчмын бүсийг хөдөлгөөний аюулгүй байдлын стандартын дагуу иж бүрэн жишиг болгон тохижуулах ажлыг зохион байгуулах,
  • Замын түгжрэлийг бууруулах чиглэлээр явган хүний гарам /нүхэн болон гүүрэн/-ыг стандартад нийцүүлэн барьж байгуулах,
  • Иргэдийг замын хөдөлгөөнд хамгаалах хэрэгсэлтэй оролцуулж хэвшил болгох,
  • Улсын чанартай авто зам дагуу 200 км тутамд зам тээврийн ослын үед эмнэлгийн тусламж дуудах үүрэн телефоны сүлжээ, анхны тусламж үзүүлэх цэгийг байгуулах зэрэг олон чухал асуудлаар санал солилцож, харилцан ярилцаж, ажил хэрэг болгоход онцгой анхаарч, тусгай график төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх ажилдаа орлоо.

 

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам