Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгт үргэлжилж буй цар тахлын хоёр дахь давалгааг Нарендра Моди “шуурга”-тай зүйрлэв

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Нэг өдөрт 250,000-аас дээш халдварын тохиолдол бүртгэгдэж, эмнэлгүүдийн даац нь хэтэрсэн Энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Моди коронавирусийн энэ удаагийн дэгдэлтийг “шуурга”-тай зүйрлэжээ.

Тус улсад цар тахлын хоёр дахь давалгаа эхэлсэн нь өмнөхөөсөө илүү хор хөнөөлтэй байгаа. Үүнд коронавирусийн мутацлагдсан шинэ хувилбар нөлөөлж байх магадлалтайг мэргэжилтнүүд хэлж байна.

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон тус улсад айлчлахаар төлөвлөж байснаа энэ долоо хоногийн эхээр цуцалж, Энэтхэг улсыг хилийн хоригийн “улаан жагсаалт”-даа оруулжээ.

Мягмар гарагт ард түмэндээ хандаж үг хэлэхдээ Нарендра Моди тус улсын 19 ба түүнээс дээш насны бүх иргэдийг вакцинжуулалтад хамруулах болсноо зарласан нь нийгмийн бухимдлыг бууруулах гэсэн оролдлого байв.

“Манай улс өнөөдөр Covid-19 өвчинтэй маш том дайн хийж байна. Нөхцөл байдал өмнөхөөсөө сайжрах шинж ажиглагдаж байгаа ч хоёр дахь давалгаа биднийг шуурга мэт ниргэлээ” гэж тэр ярьжээ.

Моди бас цар тахалд ойр дотны хүмүүсээ алдсан иргэдээсээ уучлал гуйж, хүнд хэцүү цаг үеийг нэгдсэн зохион байгуулалттай, нэг санаа сэтгэлтэй давж туулахыг уриалсан байна.

Олон нийтэд хандаж үг хэлэхээсээ өмнө Нарендра Моди тус улсын вакцины үйлдвэрлэгчидтэй видео холбоогоор хуралдаж, үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлэхийг тэднээс хүссэн юм. Гэхдээ Модигийн хүсэлтийг үйлдвэрлэгчид хүлээж авахад бэлэн биш байгаа.

Энэтхэгийн вакцины үйлдвэрлэлд гарч буй гол хүндрэл нь АНУ-ын засаг захиргааны зүгээс тавьсан түүхий эдийн экспортын хориг юм байна.

Вакцинд ашигладаг зарим материал уг хоригт орсноос үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжгүй байгааг Энэтхэгийн хамгийн том үйлдвэрлэгч Serum Institute өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байв. Тус компани экспортын хоригоо цуцлахыг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденд хандаж уриалсан юм.

Өнгөрсөн онд дэгдсэн эхний давалгааны оргил үеэр Энэтхэгт өдөрт 100,000 гаруй хүн халдвар авч байжээ. Энэ оны нэгдүгээр сард энэ тоо 10,000 хүрч буураад байсан юм.

Харин хоёрдугаар сард эхэлсэн хоёр дахь давалгааны үеэр өдөрт илрэх халдварын тохиолдол 250,000-ыг давсан нь дэлхийн аль ч улсад байхгүй муу үзүүлэлт болжээ.

Даваа гарагт Энэтхэг даяар коронавирусийн халдварын 259,167 тохиолдол бүртгэгдэж, нийт тоо нь 15.3 саяд хүрсэн байна. Цар тахал эхэлсэн цагаас хойш тус улсад Covid-19 өвчнөөр амиа алдсан хүний тоо 181,000 гарчээ.

 

Эх сурвалж: The Guardian