Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Буянтогтох: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв болон оюутны дотуур байрыг эмнэлгийн зориулалтаар ашиглана

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох эмнэлгийн орны хүрэлцээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Халдварын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байна. Бид долоо хоног бүр эмнэлгийн орны төлөвлөлтийг хийж, орыг нэмэгдүүлж байгаа ч цаанаа нөөц хомс байгаа.

Үүнтэй холбоотойгоор УОК-ын 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 03 тоот тогтоолын хүрээнд нөхцөл байдал одоогоор илүү хүндэрвэл их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутны дотуур байр болон ХНХЯ-ны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн байрыг ч эмнэлгийн зориулалтаар ашиглахаар тусгасан.

Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай нөхцлийн судалгаа, шинжилгээг хийж, нөхцөл байдлыг хангаж байна.

Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв дээр одоогоор ямар нэг байдлаар хүн хэвтүүлж эмчлээгүй. Гэхдээ бэлтгэлээ ханган ажиллаж байна.

Байдал үүнээс улам дордвол мэдээж тухайн төвийг коронавируст халдварыг эмчлэх эмнэлгийн зориулалтаар ашиглахаас өөр аргагүй.

Эмнэлгийн бус орчинд ор дэлгэснээс бид улсын хэмжээнд энэ мэт нөөцөө ашиглахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсэж байгааг иргэд ойлгох хэрэгтэй.

Мөн "Буянт-Ухаа" спорт цогцолборт 300 ор дэлгээд байгаа. Гэхдээ түүнийг одоогоор ашиглахгүй бөгөөд бидний төсөөлснөөс илүүгээр өвчлөл нэмэгдвэл тэнд хүмүүсийг тусгаарлан ажиглахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа хэрэг. Түүнээс биш өнөө, маргаашийн дотор тэнд хүмүүсийг шууд тусгаарлах байдалд арай хүрээгүй.

Гэхдээ нөхцөл байдал өдөр өдрөөр өөрчлөгдөж, яаж ч хүндэрч болох эрсдэл байсаар байгаа үед бид бэлтгэлээ хангах нь зүйн хэрэг” гэв.

Видео: