Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ сарын 18-ны орой жолооч барьж яваад ноцтой осол гаргасан. Тэрбээр машинд ганцаараа явсан бөгөөд согтолтын зэрэг нь өндөр байсан гэдэг мэдээлэл байгаа юм. Улмаар түүнийг ГССҮТ-д хүргэсэн ч эмчилгээ, үйлчилгээ авахаас татгалзсанаа батлах бичигт гарын үсэг зураад эмнэлгээс явсан байна. Түүний хамар, завьж багахан шалбарснаас өөр ил харагдах гэмтэлгүй байжээ. 

Тэгвэл Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх хэлтэст УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой холбоотой зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна. 

Түүний унаж явсан машины тухайд 6378 УНЦ дугаартай  “Ниссан Тиана” загварын суудлын машин байсан бөгөөд хүчтэй мөргөлтийн улмаас хөдөлгүүрийн хэсэгт гал гарсныг ослын газарт очсон онцгой байдлын алба хаагчид унтраасан байна. 

Уг машины талаарх мэдээллийг smartcar.mn сайтаас харахад, 2018 оны зургаадугаар сараас хойш нийт 43 удаагийн торгууль бичигдсэн, энэ оны дөрөвдүгээр сарын 18-нд бүртгэгдсэн ослын улмаас тээврийн хэрэгслийг журамласан гэдэг мэдээлэл байна.  

Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн арванхоёрдугаар сард Зөрчлийн хуулиар шийтгүүлэн, 10 сая хүртэл төгрөгөөр шийтгүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг өршөөлд хамруулах тухай хуулийн төсөл санаачилснаа танилцуулж байсан билээ.