Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхболд: Цэцийн дүгнэлттэй холбоотой нэг хүн, нам руу чиглэсэн зүйл хийж байгаа гэсэн ойлголтыг нийтэд өгөх шаардлагагүй

Т.Саран, iKon.mn
2021 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.

Тус дүгнэлтээр өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй болоод байгаа юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэв.

Тэрбээр "Шинэ Үндсэн хуулийн агуулгад нийцүүлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг боловсруулж, баталсан. Хуулийн ажлын хэсэгт бүх талын төлөөлөл оролцсон. Энэ хуульд Ерөнхийлөгчийн сонгуулийг Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу явуулна гэж заасан байгаа. 

Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд заасан маргаан үүсгээд байгаа, зөвхөн нэг удаа зургаан жилийн хугацаатайгаар сонгогдоно гэдэг заалт ч үүнд багтана. Гэвч үүнийг тодорхойгүй байна гэж үзээд нэр бүхий иргэд Цэцэд гомдол гаргаж, маргаан үүсгэсэн. Мэдээллийг МАН биш бие даасан гишүүд, иргэд итгэл үнэмшлээрээ гаргасан гэж үзэж байна. Цэц мөн эрхийнхээ дагуу хэлэлцээд дүгнэлт гаргасан.

Цэцийн хуралд нөлөөлөх гэсэн оролдлогуудыг хүмүүс мэдэж байгаа

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь хэвлэлд нийтэлж, олон нийтэд хүргэх шаардлагатай. Маргаантай олон асуудлыг яаж шийдсэнийг иргэд харах хэрэгтэй. УИХ хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Үүнийг тойрч ярилцаад Цэц шийдвэрээ гаргасан гэж бодож байна.

Цэцийн хурлын өмнө болсон нөлөөлөх гэсэн оролдлогуудыг хүмүүс сайн мэдэж байгаа. Урьд нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүстэй холбогдолтой заалтыг 2025 оноос мөрдөхөөр байсан. Хугацааг нь өөрчлөөд 2021 оноос болгосон ч хуулийн үзэл баримтлал өөрчлөгдөөгүй. Эдгээрийг үндэслээд Цэц шийдвэрээ гаргасан.

Тиймээс Цэцийн дүгнэлттэй холбоотой нэг хүн рүү юм уу нэг нам руу чиглэсэн зүйл хийж байгаа гэсэн ойлголтыг олон нийтэд өгөх шаардлагагүй. Үүнийг далимдуулаад янз бүрийн улс төрийн алхам хийгээд байх хэрэггүй гэж үзэж байна" гэлээ. 

Ингээд Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн зургаан заалт тус бүрээр санал хураалт явууллаа. Байнгын хорооны гишүүдийн олонх цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв. 

Ингэснээр тус байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.