Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Нас барсан, эдгэрсэн, эмчлүүлж байгаа тохиолдлын нийлбэр халдварын нийт батлагдсан тооноос зөрсөн талаарх ЭМЯ-ны тайлбар

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Эрүүл мэндийн яамнаас улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тоо нь эдгэрсэн, эмчлүүлж байгаа болон нас баралтын нийлбэр дүнгээс зөрж байгаа асуудалд тайлбар хийлээ.

Тодруулбал, өнөөдөр шинээр 1,311 тохиолдол илэрч, нийт бүртгэгдсэн тохиолдол 24,195 болсон.

Тэгвэл ЭМЯ-наас мэдээлснээр, одоогоор эмнэлэгт 3,520 хүн, гэртээ эмчлүүлж байгаа 5,033 хүн болон нийт эдгэрсэн 12,860, нас барсан 51 тохиолдлыг нийлүүлж үзвэл бүртгэгдсэн тохиолдлоос 3,000 гаруйгаар бага буюу 21,464 болж, эргэлзээ үүсгээд байгаа юм.  

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Нийт тохиолдлын тоо нь эдгэрсэн болон нас барсан, эмнэлэгт, гэртээ эмчлүүлж буй хүмүүсийн нийлбэр тоотой зөрж байгаа нь шинээр илэрсэн тохиолдлын тоог нэмээгүйтэй холбоотой.

Өөрөөр хэлбэл, өнөөдөр шинээр илэрсэн 1,000 гаруй тохиолдол нь эмчилгээнд байгаа болон эдгэрч гарсан хүмүүсийн тоонд огт багтаагүй гэсэн үг.

Учир нь шинээр илэрсэн тохиолдлуудыг мэдээлэх үеэр буюу 11:00 цагийн хурлын үеэр Тандалт, хариу арга хэмжээний баг тухайн шинээр батлагдсан тохиолдууд дээр очиж, 24 цагийн хугацаанд эмнэл зүйн шинж тэмдгийн үнэлгээ хийн гэрт нь үлдээх эсэхийг шийдэж байдаг.

Нөгөө талаар эмчилгээнд байгаа хүмүүс болон эдгэрсэн, нас барсан тохиолдлуудын нийлбэр нь тухайн өдрөө дутуу мэдээлэгдэж, нийт бүртгэгдсэн тохиолдлын тооноос зөрүүтэй харагдуулж байгаа юм.

Тодруулбал, өдөр бүр шинээр илэрч байгаа тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Үүний зэрэгцээ хүн хүчний хүрэлцээ тулгамдаж, тандалт хариу арга хэмжээний баг 24 цагтаа амжихгүй тохиолдол ч гарч байгаа.

Тэр хэрээр нийлбэр тоо нийт бүртгэгдсэн тооноос зөрөх асуудал гарч байна" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/364527364908888