Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Алексей Навальныйн эрүүл мэнд муудаж, шоронгийн эмнэлэгт хэвтжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн эрүүл мэнд муудсан тул шоронгийн эмнэлэгт хэвтүүлсэн тухай Даваа гарагт мэдээлжээ.

Өнгөрсөн амралтын өдөр эмч нар гурван долоо хоногийн турш өлсгөлөн зарласан Навальныйн эрүүл мэнд дордож, зүрхний шигдээс эсвэл бөөрний дутагдалд орох магадлалтай байгааг анхааруулсан юм.

Даваа гарагт ОХУ-ын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эмч нарын зөвлөл түүнийг Владимир мужийн өөр нэг шоронгийн эмнэлэгт шилжүүлэх болсныг мэдэгджээ.

Одоогоор Навальныйн биеийн байдал тогтворжиж, өөртэй нь зөвшилцсөний үндсэн дээр амин дэм уулгаж байгааг бас мэдээлсэн юм.

Навальныйн хоригдож байгаа ИК-3 шоронд сүрьеэ өвчин гарч байсан тул дэмжигчид нь түүний эрүүл мэндэд санаа зовж, эрх баригчид зарим мэдээллийг нууж байж магадгүй хэмээн болгоомжилж байна.

Түүний шадар хүмүүс энэ долоо хоногийн Лхагва гарагт Орос даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах болсноо зарласан юм. Навальныйн туслах Леонид Волков, Иван Жданов нарын гаргасан видео уриалгыг устгах хүсэлтийг ОХУ-ын эрх баригчид YouTube компанид илгээсэн байна.

Дараа долоо хоногт Москва хотын шүүх Навальныйн тэргүүлдэг Авлигатай Тэмцэх Санг экстремист байгууллагад тооцох прокуроруудын хүсэлтийг хэлэлцэх гэж байгаа.

Хэрвээ хүсэлтийг шүүх дэмжвэл тус байгууллагын үйл ажиллагааг хориглож, дэмжигчдийг нь торгууль болон хорих ялаар шийтгэх боломж нээгдэх юм.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тэргүүтэй өрнөдийн удирдагчид Навальныйг суллахыг уриалсан ч Кремлийн эрх баригчид ямар нэг алхам хийх шинжгүй байна.

Ням гарагт Их Британи дахь ОХУ-ын элчин сайд Андрей Келин “Ноён Навальныйг шоронд үхүүлчихгүй байх. Тэр бусдын анхаарлыг татахын тулд энэ бүхнийг хийж байна” гэж BBC сувагт ярьжээ.

 

Эх сурвалж: The Guardian