Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс олимпын тамирчдаа түрүүлж вакцинжуулах эсэх талаар хэлэлцэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Япон улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалтын хурд сайнгүй байгаа. Гурван сарын дараа Токио 2020 зуны олимпын наадмыг зохион байгуулах гэж байгаа тус улс өнөөдрийн байдлаар зорилтот хүн амынхаа ердөө 1 хүрэхгүй хувийг дархлаажуулалтад хамруулаад байна.

Цар тахлын аюулаас сэргийлэх үүднээс энэ удаагийн олимпын наадамд гадаадын хөгжөөн дэмжигчид оролцох боломжгүй болсон юм. Тэгвэл вакцинжуулалтын явц удаашралтай байгаагаас шалтгаалан дотоодын хөгжөөн дэмжигчид ч уралдаан тэмцээнүүдийг үзэх боломжгүй болж магадгүйг албаныхан анхааруулж байна.

Өөрөөр хэлбэл Токио 2020 олимпын наадмын уралдаан тэмцээнүүд зохион байгуулагдах танхимууд үзэгчгүй, хоосон байх боломжтойг Японы засгийн газрын дархлаажуулалт хариуцсан сайд Таро Коно өнгөрсөн долоо хоногт анхааруулжээ.

Үүнээс гадна олимпын наадамд оролцох Япон улсын баг тамирчдыг түрүүлж вакцинжуулах эсэх асуудал ид яригдаж байна. Энэ санааг тус улсын олон нийт сошиал ертөнцөд хүчтэй эсэргүүцэж байгаа.

Нас залуу, эрүүл чийрэг тамирчдыг эрсдэлтэй бүлгийнхний өмнүүр оруулж вакцинжуулалтад хамруулах нь зохимжгүй гэж олон нийт үзэж байгаа юм.

“Одоогоор тамирчдыг түрүүлж вакцинжуулах талаар ямар нэг шийдвэр гараагүй байна” гэж хэлсэн Коно хэрвээ олимпын зохион байгуулах хорооны дарга Сэйко Хашимото ийм шийдвэр гаргавал хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.

Вакцинжуулалтад хамруулсан эсэхээс үл хамааран олимпын тамирчдаас өдөр бүр шинжилгээ авахаар төлөвлөж байгаагаа тус улсын олимпын асуудал хариуцсан сайд Тамаёо Марукава саяхан мэдэгдсэн юм.

Өмнө нь наадамд оролцож байгаа бүх тамирчдаас дөрвөн хоног тутамд нэг удаа шинжилгээ авахаар төлөвлөж байсан бол одоо давтамжийг нь ойртуулахаар болжээ.

Олон Улсын Олимпын Хороо зуны олимпын наадамд оролцох тамирчдад заавал вакцинд хамрагдсан байх шаардлага тавихгүй байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press