Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

АХБ-наас Монгол дахь төгрөгийн бондын зах зээлийн гарын авлага гаргажээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Азийн Хөгжлийн Банк/АХБ/ Монголын Бондын Зах Зээлийн гарын авлага гаргажээ.

Сонгогдсон хөрөнгө оруулагчдад компанийн өрийн бичиг, хувьцаа болон бондыг арилжаалах эрх зүйн орчныг бий болгож, зохицуулалтын тогтолцоог бүрдүүлэх нь Монгол Улсын бондын зах зээлийг хөгжүүлэхэд нэн чухал болохыг Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны шинэ тайланд дурджээ.

Үндэсний валютаар арилжаалагддаг дотоодын бондын зах зээлийг хөгжүүлэх нь улс орнуудын хувьд чухал бөгөөд ялангуяа коронавируст цар тахлын дараа эдийн засгаа сэргээхийг зорьж буй энэ цаг үед улам их ач холбогдолтой болж байна.

Бондын зах зээл сайн хөгжсөн байх тусам дэд бүтцийн санхүүжилтийг дэмжиж, улмаар Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн цаашдын хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Монголын Бондын Зах Зээлийн гарын авлагад тэмдэглэжээ. Тус гарын авлага нь Монгол дахь төгрөгийн бондын зах зээлийн талаарх цогц мэдээллийг агуулсан байна.

АХБ-ны Ерөнхий эдийн засагчийн орлогч Жозеф Эрнест Звеглич Жр "Монгол Улс нь Зүүн Өмнөд Азийн Орнуудын Холбоо буюу АСЕАН, Япон, БНХАУ болон Бүгд Найрамдах Солонгос Улсын хамт АСЕАН+3 Бондын Зах Зээлийн Форумд 2019 оноос хойш идэвхтэй оролцож ирсэн. 

АХБ нь Азийн бондын зах зээлийн санаачилга (АБЗЗС)-ын хүрээнд хуримтлуулсан мэдлэг, туршлагаа хуваалцах зорилгоор АСЕАН+3 бондын зах зээлийн цуврал гарын авлагыг боловсруулсаар ирсэн.

Монголын Бондын Зах Зээлийн Гарын Авлагыг энэхүү цувралын хүрээнд боловсруулсан ба ийнхүү нийтийн хүртээл болсноор Монгол Улсын төгрөгийн бондын зах зээлийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, цаашдын хөгжлийг ахиулахад түлхэц болно гэж бид найдаж байна” хэмээн онцлон тэмдэглэв.

АХБ нь АСЕАН+3 бондын зах зээлийн гарын авлагыг дотоодын бодлого боловсруулагчид болон зах зээлд оролцогчидтой нягт зөвлөлдсөний үндсэн дээр бонд гаргагчид, хөрөнгө оруулагчид болон санхүүгийн зуучлагчдад тухайн улсын дотоодын нөхцөл байдлыг ойлгоход нь туслах, тэдгээрийг бүс нутгийн хурдацтай хөгжиж буй бондын зах зээлд илүү идэвхтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор бэлтгэн гаргадаг юм.

 

Эх сурвалж: АХБ