Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

"275 сургууль, 684 цэцэрлэгийн гадна талбай, ногоон байгууламжид бага насны хүүхэд гаргах бололцоог бүрдүүлсэн"

ikon.mn
2021 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өнгөрсөн зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 12 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн. Тэгвэл үүний хэрэгжилт 90 хувьтай байжээ.

НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга хэрэгжилтийг танилцууллаа.

Тухайлбал, холбогдох чиг үүргийн байгууллагууд хамтран хүнсний худалдааны 3,010 газрыг хамруулан шалгаж, 398 зөрчил илрүүлэн, 83.9 хувийг газар дээр нь арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.

Мөн дөрөвдүгээр сарын 10-16-ны байдлаар нийслэл рүү 3,514 тээврийн хэрэгсэлтэй 6,165 хүн орж, 3,345 тээврийн хэрэгсэлтэй 5,891 хүн нийслэлээс гарчээ.

Мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй ариутгал халдваргүйтгэлийн компаниуд 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны хооронд 51,336 аж ахуйн нэгж, байгууллага, цэгийн 9,828,483 ам метр талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийг хийсэн.

Харин дөрөвдүгээр сарын 12-15-нд халдварын голомт батлагдсан 233 цэгийн 125,206 ам метр талбайд голомтын эцсийн халдваргүйтгэл хийсэн аж.

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 839 сууц өмчлөгчдийн холбоонд  нийт 2,535,635 ам метр орц, цахилгаан шатанд 4,044 ам метр, хүүхдийн тоглоомын талбайд 1.192 ам метр, хог зайлуулах хоолой, бункер 24,378 ам метр талбайд ариутгал, халдваргүйтгэл хийж,  халдвараас сэргийлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллажээ.

275 сургууль, 684 цэцэрлэгийн гадна талбайд хүүхэд агаарлах бололцоог бүрдүүлжээ

Нийслэлийн Онцгой комиссоос иргэд, эцэг эхчүүдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын 275 сургууль, 684 цэцэрлэгийн гадна талбай, ногоон байгууламжид бага насны хүүхдүүдийг агаар салхинд гаргах, дархлааг дэмжих, идэвхтэй хөдөлгөөнтэй байх бололцоог бүрдүүлэн ажиллалаа.

Мөн авто замын ан цав, заадас засварлах ажлын хүрээнд өнгөрсөн долоо хоногт Энхтайваны өргөн чөлөөнд  25,211, Чингисийн өргөн чөлөөнд 4,690, нийт 29,901 метр урт авто замын ан цав, заадсыг битумаар засварласан.

Нийт 1,633 тэмдэг угааж, 282 тэмдэг үйлдвэрлэж, Хан-Уул дүүрэгт суурилуулсан бол 658 метр урт хайс, хашлага засаж, арчилжээ.

Нийслэлийн есөн дүүргийн 21 тохижилт үйлчилгээний  байгууллагын ажилчид автобусны 139 буудал, гудамж, талбайн 49,332.5 метр урт хайс хашлага, хөшөө дурсгал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн 50 гарц, хогийн 772 сав, 564 сандал, замын 549 тэмдэг, тэмдэглэгээг угааж цэвэрлэн, байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх ажил хийгээд байгаа аж.